Итали улсад хиймэл оюун ухааны (AI) зөвлөмжийн дагуу ажилтнаа цомхотгосон компанийн шийдвэрийг шүүх хууль ёсны дагуу хэмээн баталгаажууллаа.
Энэ талаар Corriere della Sera сонины мэдээллээс эш татан Medee.news сайт уламжлав.
Ром хотын шүүх корпорацын бүтцийн өөрчлөлтийн явцад хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглан ажилтнаа халсан шийдвэрийг хууль ёсны гэж үзсэн байна. Энэхүү шийдвэр нь Италийн шүүхийн практикт хөдөлмөрийн маргаанд хиймэл оюун ухааны технологи шууд нөлөөлсөн анхны тохиолдлуудын нэг болж бүртгэгдлээ.
Уг хэрэг нь кибер аюулгүй байдлын компанид ажиллаж байсан график дизайнертай холбоотой аж. Эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан тус үйлдвэр бүтцийн өөрчлөлт хийж, үйл ажиллагаагаа оновчтой болгохын тулд технологийн шийдлүүдийг нэвтрүүлж, зарим чиг үүргийг нэгтгэжээ. Үүний үр дүнд ажилтны албан тушаал шаардлагагүй болж, “бодит болон объектив шалтгаанаар” ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Шүүх ажил олгогчийн байр суурийг дэмжихдээ, эдийн засаг болон зохион байгуулалтын бодит шалтгаан байгааг, мөн бүтцийн өөрчлөлт болон ажлын байраа алдсан хоёрын хооронд шууд холбоо байгааг онцолжээ. Түүнчлэн ажилтныг өөр албан тушаалд шилжүүлэх боломжгүй байсныг ч харгалзан үзсэн байна. Шүүхийн зүгээс хиймэл оюун ухаан нь өөрөө ажлаас халах бие даасан хууль зүйн үндэслэл биш, харин бизнесийн үр ашгийг дээшлүүлэх хэрэгсэл гэж үзэх ёстойг онцлон тэмдэглэжээ.