Израил Газа хотын эсрэг шинэ давшилт эхлүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Израил Газа хотын эсрэг шинэ давшилт эхлүүлэв

Израилын Батлан хамгаалах хүчин лхагва гарагт Газа хотын чиглэлд томоохон хэмжээний давшилт эхлүүлснээ мэдэгдлээ. Энэхүү ажиллагаа нь ХАМАС бүлэглэлийг цэргийн хувьд сулруулж, хотыг бүрэн эзлэх зорилготой гэж албаныхан онцолж байна. Гэсэн ч олон улсын байгууллагууд болон ажиглагчид энгийн иргэдийн амь насанд учирч буй хохирлын улмаас хурцаар шүүмжилж байна.

Армийн хэвлэлийн төлөөлөгч Эффи Дефриний мэдээлснээр, Зайтун дүүрэг болон Жабалиа орчимд хуурай замын ажиллагаа хэдийн эхэлсэн бөгөөд цаашид илүү олон хүч нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.

Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху:
“Энэхүү ажиллагаа нь ХАМАС-ыг бүрэн ялан дийлж, Газа хотыг хяналтдаа авах зорилготой” гэж мэдэгдэв.

Одоогийн байдлаар Израилын арми Газын зурвасын 75 орчим хувийг хяналтдаа оруулсан бөгөөд олон удаагийн довтолгооны улмаас хотын төвийн ихэнх хэсэг балгас болжээ.

Засгийн газар энэ долоо хоногийн сүүлээр цэргийн төлөвлөгөөг батлах төлөвтэй байна. Мөн нийт 60 мянган нөөц хүчнийг зарлан дуудсан бөгөөд ойрын өдрүүдэд дахин 20 мянган цэргийг дайчлахаар болжээ.

Э.Дефрин хэлэхдээ:
“Бид Газа хот дахь ХАМАС-ын түшиц газруудыг устгаж, газар дээрх болон доорх бүх дэд бүтцийг эвдэнэ. Энэ нь бүлэглэлийн үлдэгдэл хүч, тэдэнд итгэж буй энгийн иргэдийн найдвар хоёрын аль алийг нь устгах зорилготой” гэжээ. Тэрбээр 22 сарын турш үргэлжилсэн мөргөлдөөний явцад ХАМАС-ыг “цэргийн байгууллага”-аас “жижиг партизаны бүлэглэл” болгон доройтуулсан гэж нэмж хэлэв.

Газын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, зөвхөн сүүлийн 24 цагийн хугацаанд Израилын дайралтад өртсөнөөс 58 хүн амиа алдаж, 185 хүн шархаджээ. Дайн эхэлснээс хойш нийт 62,122 хүн амь үрэгдсэнээс 266 нь өлсгөлөнгийн улмаас нас барсан бөгөөд тэдний 112 нь хүүхэд байсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй