2025 оны наймдугаар сарын 14-нд Йерусалимд авсан мэдээллээр, Израилийн Батлан хамгаалах хүчний (БХХ) жанжин штабын дарга Эяль Замир өмнө нь эсэргүүцэж байсан Газын зурваст хуурай замын томоохон ажиллагаа явуулах Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн төлөвлөгөөг дэмжих шийдвэр гаргажээ.
БХХ-ээс гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Э.Замир Газын зурваст хэрэгжүүлэх цэргийн ажиллагааны үндсэн төлөвлөгөөг баталсан байна. Тэрбээр өмнө нь уг төлөвлөгөөг Израилийн цэргүүд болон ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа иргэдэд өндөр эрсдэл дагуулах магадлалтай гэж үзэн эсэргүүцэж байв.
Энэ шийдвэр Израилийн Онц байдлын засгийн газар өнгөрсөн долоо хоногт Газа хотыг бүрэн хяналтандаа авч, Газын дүрвэгсдийн хуарангуудад байрлаж буй ХАМАС-ын үүрүүдийг устгах зорилгоор довтолгоо хийх тушаал гаргасны дараа гарсан юм.
Одоогоор хуурай замын ажиллагааны яг таг тов зарлагдаагүй ч Израилийн агаарын хүчний онгоцууд сүүлийн хэдэн өдрийн турш Газын зурвасын хамгийн том хотыг бөмбөгдөж байна. ХАМАС-ын хяналтад байдаг эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, өнгөрсөн 24 цагийн дотор 123 хүн амиа алдсан байна.
Мөн Газын иргэний хамгаалалтын агентлаг, Израилийн цохилтуудын үеэр өндөр барилга зэрэг иргэний барилга байгууламжийг онилсон хүчтэй агаарын довтолгоо болсон талаар мэдээлжээ.