АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Йемений босогчидтой байгуулсан тохиролцооны хүрээнд агаарын цохилтоо зогсоож байгаагаа мэдэгдлээ. Сүүлийн хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн эдгээр цохилтуудыг Трамп зогсоож, хуситуудын зүгээс цаашид тулалдах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн учир энэ шийдвэрийг гаргасан гэж тайлбарласан байна.
Хуситуудын зүгээс амласан амлалт нь Улаан тэнгисээр зорчих худалдааны хөлгүүдэд дахин довтлохгүй гэсэн үг юм. Трамп хэлэхдээ, “Бид хуситуудыг бөмбөгдөхөө зогсоохоор шийдсэн. Тэд цаашид тулалдах хүсэлгүй байгаа учраас бид үүнийг хүндэтгэж, бөмбөгдөлтөө зогсоож байна” гэжээ.
Ерөнхийлөгч Трамп илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч “маш сайн эх сурвалжаас” энэ мэдээллийг авсан гэж мэдэгдсэн байна. Үүний дараа Оман улсын гадаад хэргийн сайд Бадр аль-Бусайди АНУ-ын бөмбөгдөлт зогссон талаар өөрийн сошиал хуудсаар мэдээлжээ.
Энэхүү шийдвэр нь АНУ, Оман улсын болон Йемений зуучлагчдын хамтран оролцсон яриа хэлэлцээний үр дүн хэмээн тайлбарлагдсан байна. Цаашид хоёр талын хөлгүүд, тэр дундаа Улаан тэнгис болон Баб аль-Мандебын хоолой дахь АНУ-ын хөлгүүдэд довтлохгүй гэсэн амлалт өгчээ. Мөн олон улсын худалдааны хөлгүүдийн саадгүй зорчих эрхийг баталгаажуулна гэж Оман улсын гадаад хэргийн сайд мэдээлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Байденгийн засаг захиргааны үед ч Йемений босогчдын байрлалд агаарын довтолгоо хийж байсан бөгөөд энэ хугацаанд тусгай төлөвлөгөө задруулсан гэх шуугиан гарч байсан. Энэ хэргийн улмаас Трампын засаг захиргаа нэлээд шүүмжлэлд өртсөн бөгөөд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх Майк Уолцыг ажлаас нь чөлөөлсөн юм.