Камчаткийн газар хөдлөлтийн дараах цүнамигийн түгшүүр цуцлагдлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Камчаткийн газар хөдлөлтийн дараах цүнамигийн түгшүүр цуцлагдлаа

2025 оны долоодугаар сарын 30-ны Лхагва гарагт орон нутгийн цагаар 11:25 цагт ОХУ-ын Камчаткийн хойгт 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар Номхон далайн бүсийн олон орон цүнамигийн түгшүүр зарласан ч хэдэн цагийн дараа бүгдийг нь цуцлав.

Орос, АНУ, Япон, Хятад зэрэг нийт дэлхийн 10 гаруй улс цүнамигийн болзошгүй аюулаас сэргийлж, 2 сая гаруй хүн нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан. Гэвч далайд үүссэн давлагаа хангалттай өндөр хүрээгүй тул түгшүүрүүдийг цаг үеийн үнэлгээнд үндэслэн цуцалжээ.

Хамгийн өндөр давлагаа нь Мауи аралд 1.7 метр, Оаху аралд 1.2 метр, харин АНУ-ын эх газарт Кресент хотын эрэгт 1.09 метр байв. Давлагаа хоорондын зай ч нэлээд хол байжээ. Япон, Канад, Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд, Перу зэрэг улс ч мөн адил түгшүүрээ цуцалсан байна.

Энэ газар хөдлөлт нь түүхэнд бичигдсэн зургаа дахь хүчтэй чичиргээ болж байгаа ч 2004 оны Энэтхэгийн далай, 2011 оны Японд болсон газар хөдлөлтүүдтэй харьцуулахад асар том давлагаа үүсгээгүй юм. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, цүнамигийн өндөр нь чичиргээний төвийн байршил, гүн, далайн ёроолын хэлбэр зэргээс шалтгаалдаг байна.

Далайн гүнд үүссэн давлагаа 800 км/цаг хүртэл хурдтайгаар тархаж, эрэгт хүрэхдээ байгаль орчны нөхцлөөс шалтгаалан эрчээ алдах нь түгээмэл.

Оросын мэдээлснээр, газар хөдлөлтийн төв хэсэгт давлагаа 5 метр-т хүрсэн байна. Камчаткийн хойг нь Номхон далайн “Галт цагариг” хэмээн нэрлэгддэг бүс нутагт байрладаг бөгөөд дэлхий дээрх бүх газар хөдлөлтийн 80 орчим хувь энд тохиолддог.

Камчатка нь Номхон далайн болон Охотскийн хавтангийн залгаас дээр байрладаг. Номхон далайн хавтан жилд 8 см хурдтай баруун хойд зүгт хөдөлж, жижиг хавтангуудын доогуур шургаж байдаг нь газрын гүний хайлах, халалт, хүчтэй чичиргээ үүсгэх гол шалтгаан болдог.

Энэ бүс нутгийн түүхэнд 1952 онд 30 км-ийн зайд 9 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж, тавдугаар байранд жагсаж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment