Канадын төв болон баруун нутгуудад дэгдээд буй ой хээрийн асар том түймрийн утаа Атлантын далайг даван, Европ тивийн баруун хойд хэсэгт хүрч ирсэн тухай Европын Холбооны цаг уурын байгууллага өчигдөр мэдээллээ. Энэ бол агаар мандлын хүрээлэн буй орчинд хэр зэрэг нөлөөлж буйг харуулсан нэгэн томоохон жишээ болж байна.
“Канадын Манитоба болон Саскачеван мужуудад үргэлжилж буй түймрийн утаа Атлантын далайг давж, Европ руу нүүжээ” гэж Коперникус Агаар Мандлын Ажиглалтын Алба (CAMS) мэдээлэлдээ дурдсан байна. CAMS нь хиймэл дагуулын тусламжтайгаар тавдугаар сарын дунд үеэс эхлэн утааны хөдөлгөөнийг хянаж эхэлжээ.
Эхний бага хэмжээний утаа Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт орших Грек улсад хүрсэн бол түүнээс хавьгүй том хэмжээтэй хоёр дахь утаа тавдугаар сарын сүүлийн долоо хоногт далайг гаталж, зургаадугаар сарын 1-ний өдөр Европын баруун хойд хэсэгт нэвтэрсэн байна. Энэхүү утааны нөлөө өнөөдөр Францын баруун хойд нутаг болон Парис хот орчимд хүрнэ гэсэн урьдчилсан таамаг гарчээ.
CAMS-ийн мэдээлснээр утаа агаар мандлын дээд давхаргад байгаа тул одоогоор хүн амын эрүүл мэндэд шууд аюул учруулахгүй. Гэсэн ч тэнгэрийг бүдгэрүүлж, нарны өнгийг өөрчилдөг нөлөө үзүүлэх аж.
Канадын Манитоба мужид сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хүчтэй хуурайшилт үүссэний улмаас уг ой хээрийн түймэр дэгдээд байгаа бөгөөд баруун хөрш Саскачеван мужид энэ түймэр улам өргөжсөн тул тавдугаар сарын сүүлчээр онц байдал зарлаж, олон мянган хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлсэн байна. Улсын эрх баригчид энэ зун Канадын төв болон баруун нутгуудад ой хээрийн түймрийн эрсдэл улам нэмэгдэнэ гэж дүгнэжээ.
Мөн CAMS-ийн зүгээс ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарт дөрөвдүгээр сард эхэлсэн ой хээрийн түймрийн улмаас ойролцоогоор 35 сая тонн нүүрстөрөгчийн хий агаарт дэгдсэн хэмээн тооцоолсон тухайгаа ил болгосон байна.