Канье Уэст антисемит үзэлтэй холбоотой мэдэгдэлдээ тайлбар хийлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Канье Уэст

Америкийн рэпэр, хөгжмийн продюсер Канье Уэст өөрийн гаргасан антисемит (еврей үндэстнийг эсэргүүцэх) шинжтэй үйлдлүүдийнхээ төлөө хүлцэл өчсөн дэлгэрэнгүй захидал хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархлаа.

The Wall Street Journal болон Medee.news агентлагийн мэдээлснээр, гүйцэтгэгч өөрийн илгээлтдээ 25 жилийн өмнө гарсан автомашины ослын улмаас эрүү болон тархины баруун духны дэлбэн хэсэгтээ гэмтэл авсан тухайгаа дурджээ. Түүний хэлснээр, эмч нар тархины гэмтлийг нь тухайн үед анзаараагүй бөгөөд зохих оношийг нь саяхан буюу 2023 онд тогтоосон байна.

Тархины гэмтэл нь I хэлбэрийн хоёр туйлт эмгэг (bipolar disorder) үүсэхэд нөлөөлж, улмаар дэврэх (mania) үе шатууд, бодит байдлаас тасрах, ой санамж алдагдах, огцом түргэн зан авир гаргах зэрэг шинж тэмдгээр илэрсэн гэж Уэст бичжээ. “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Кембрижийн их сургуулийн мэдээллээр, хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн дундаж наслалт 10-15 жилээр богино байдаг” хэмээн тэрээр статистик баримт дурдсан байна.

“Сэтгэл зүйн ийм тогтворгүй байдалд байхдаа би олж чадах хамгийн хор хөнөөлтэй бэлгэдэл болох хас тэмдгийг сонирхож, тэр байтугай дүрс бүхий цамцнуудыг нь зарж борлуулсан” гэж тэрээр хүлээн зөвшөөрөв. Артист 2026 оны эхээр сэтгэл санааны хүчтэй хямралд орсон ч эхнэр Бьянка Цензори нь түүнд мэргэжлийн тусламж авахыг зөвлөсөн байна. Мөн тэрээр Reddit форум дээрх ижил төстэй асуудалтай хүмүүсийн түүхийг уншаад ганцаараа биш гэдгээ ойлгосон гэв.

“Би нацист эсвэл антисемит үзэлтэн биш. Би еврей ард түмэнд хайртай. Би та бүхнээс өршөөл эрж, эмчилгээгээ хийлгэж, хэвийн байдалдаа эргэн орох хүртэл тэвчээр, ойлголтыг хүсэж байна” хэмээн Канье Уэст тэмдэглэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй