2026 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Казакстан улсад Төв Азийн орнуудаас анх удаа “Хиймэл оюун ухааны тухай” хууль хүчин төгөлдөр боллоо. Энэхүү шинэ хууль нь хиймэл оюун ухааны (ХОУ) системийн эзэмшигчдэд өндөр шаардлага тавьж байгаа бөгөөд тус улсад зарим төрлийн нейрон сүлжээний үйл ажиллагааг хориглох, зохиогчийн эрхийг зохицуулах асуудлыг тусгасан байна.
ХОУ-аар үүсгэсэн контентын тэмдэглэгээ ба хариуцлага
Уг хуулийн дагуу ХОУ-ын систем эзэмшигчид өөрсдийн технологиор бүтээсэн бүх төрлийн зураг, видео, аудио болон бичвэр мэдээлэлд заавал тусгай тэмдэглэгээ хийх үүрэг хүлээж байна. Энэхүү тэмдэглэгээ нь машин уншихад боломжтой хэлбэрээс гадна хэрэглэгчид шууд харах боломжтой байх ёстой бөгөөд түүнийг нуун дарагдуулах эсвэл харагдах байдалд нь саад учруулахыг хоригложээ.
Казакстан улсын Хиймэл оюун ухаан, тоон хөгжлийн яамны мэдээлснээр, хуулийн хэрэгжилтэд зөвхөн хэрэглэгчийг бус, харин системийг эзэмшигчийг хариуцлагад татах зарчим баримтлах юм. Хяналт шалгалтыг олон нийтийн гомдол, мониторинг болон албан ёсны мэдээллийн сувгуудын үр дүнд үндэслэн явуулна. Хууль зөрчсөн тохиолдолд 2026 онд хувь хүнд 127 ам.доллар, харин томоохон бизнес эрхлэгчдэд 845 ам.доллар хүртэлх торгууль ногдуулахаар заажээ.
Зохиогчийн эрх ба фейк мэдээлэлтэй тэмцэх нь
Хуулийн өөр нэг чухал хэсэг нь зохиогчийн эрхийн зохицуулалт юм. Тухайн бүтээлийг бий болгоход хүн шууд оролцсон тохиолдолд л түүнийг хуулиар хамгаалах объект гэж үзнэ. Сонирхолтой нь, ХОУ-д өгч буй “промт” буюу бичвэр хүсэлт нь өөрөө зохиогчийн эрхийн объект болох боломжтой болсон байна.
Тус улсын Хуурамч мэдээлэлтэй тэмцэх төвөөс мэдээлснээр, 2025 оны 10 дугаар сард Америкийн OpenAI компанийн “Sora 2” видео генератор гарсантай холбоотойгоор интернэт орчинд хуурамч видео бичлэгүүд эрс нэмэгдсэн нь ийм хууль гаргах нэг шалтгаан болжээ. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, блогеруудыг аудитандаа үнэн зөв мэдээлэл хүргэж, ХОУ ашигласан бол түүнийгээ нээлттэй мэдээлж байхыг уриалсан байна.