Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр АНУ-ын “Blue Origin” компани “New Shepard” хөлгөөр дан эмэгтэйчүүдээс бүрдсэн нислэгийг амжилттай хөөргөх гэж байна. Энэ удаагийн түүхэн аялалд дэлхийн танил нүүр царай, салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүд багтаж байгаа нь онцлог юм.
Сансарт хөөрөх бүрэлдэхүүнд дараах зургаан эмэгтэй багтжээ:
- Поп хөгжмийн од, дуучин Кэти Перри
- Amazon-ийн үүсгэн байгуулагч Жефф Безосын сүйт бүсгүй, сэтгүүлч Лорен Санчес
- Америкийн нэртэй хөтлөгч Гэйл Кинг
- НАСА-гийн пуужингийн инженерээр ажиллаж байсан Айша Боу
- Хүний эрхийн төлөө тэмцэгч Аманда Нгуен
- Кино продюсер, энтертэйнмент салбарын төлөөлөл Керианна Флинн
Эмэгтэйчүүдийн энэхүү баг Техас мужийн Ван Орн дахь сансрын баазаас орон нутгийн цагаар 09:30, Монголын цагаар оройн 21:30-д хөөрөх бөгөөд тэд Карманы шугам буюу дэлхийн агаар мандал ба сансрын зааг болох 100 км өндөрт гарна.
Аялал нийтдээ 10 орчим минут үргэлжлэх бөгөөд хөөрөлт, жингүйдэл мэдрэх хугацаа, буултыг багтаасан болно. Үүний дараа тэд Техасын элсэн цөлд шүхрийн тусламжтайгаар буух юм.
Түүхэн ач холбогдол:
“Blue Origin”-ийн хувьд хүн тээвэрлэсэн 11 дэх удаагийн нислэг нь болж буй энэ аялал нь бүрэн эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнтэйгээр сансарт нисэж буй ховор тохиолдлын нэг юм. 1963 онд Валентина Терешкова ЗХУ-аас анх удаа эмэгтэй хүн бие даан сансарт ниссэн бол энэ удаад олон улсын нэр хүндтэй эмэгтэйчүүд хамтдаа нисч байна.
“New Shepard” хөлөг нь автомат ажиллагаатай, хүн удирдах шаардлагагүй, олон удаагийн ашиглалт бүхий орчин үеийн пуужингийн систем бөгөөд энэ удаагийн аялал нь сансар судлалын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог тэлж буй чухал үйл явдал юм.