Дэлхийн хэмжээний поп дуучин Кэти Перри Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдотой тэврэлдсэн зургийг цахим хуудсандаа нийтэлж, тэдний хоорондын хайр сэтгэлийн холбоог олон нийтэд албан ёсоор ил болгосон байна. 41 настай дуучин бүсгүй өчигдөр өөрийн 202 сая дагагчтай Инстаграм хаягтаа хамтдаа авхуулсан зураг болон бичлэгүүдээ нийтэлжээ.
Олны анхаарлыг татсан үерхэл
Кэти Перри нь «Hot n Cold», «Roar», «I Kissed a Girl» зэрэг олон улсад хит болсон дуунуудаараа алдартай бол, 53 настай Жастин Трюдо нь 2015-2025 оны хооронд Канадын Ерөнхий сайдаар ажиллаж байсан нэр хүндтэй улс төрч юм. Тэдний харилцааны тухай цуурхал өнгөрсөн долдугаар сард Трюдо Перигийн тоглолтыг үзэхээр очсоноор анх дэгдсэн. Үүний дараа TMZ сайт Кэти Перригийн төрсөн өдрөөр тэднийг Парист хөтлөлцөн алхаж буй бичлэгийг нийтэлснээр үерхлийн мэдээ улам баттай болж байв.

Трюдогийн мэдэгдэл
Трюдо өөрөө ч харилцаагаа баталсан нэгэн постоо өнгөрсөн пүрэв гарагт хийсэн. Тэрбээр Японы хуучин Ерөнхий сайд Фумио Кишида болон түүний эхнэр Юкогийн хамт авхуулсан зургийг нийтэлж, доор нь: «Тантай уулзах сайхан байлаа @kishida230. Кэти бид хоёр та бүхэнтэй хамт сууж ярилцах боломж олдсонд баяртай байна.» хэмээн бичсэн нь тэднийг хосууд болохыг албан ёсоор баталсан сүүлийн мэдэгдэл болсон юм. Трюдо 2015-2025 онд Либерал намын даргын хувиар Канадыг удирдаж байсан.
