2025 оны 5-р сарын 10-нд Киев хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Франц, Герман, Их Британи болон Польшийн удирдагчид ОХУ-аас 30 хоногийн гал зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрөхийг албан ёсоор шаардав. Уулзалт нь Украины дайныг зогсоох зорилготой бөгөөд Европын хэд хэдэн орон газар дээр нь оролцсон бол бусад улс орнуудын удирдагчид цахимаар оролцжээ.
Уулзалтаар хэлэлцсэн энэхүү гал зогсоох төлөвлөгөө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай урьдчилан тохиролцсон агуулгатай бөгөөд хэрэв Орос тал шаардлагыг хүлээж авахгүй бол Европын холбоотнууд шинэ, нөлөө бүхий хориг арга хэмжээ авахаар бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кэир Стармер “Бид бүгд АНУ-ын хамт Путинээс шаардаж байна. Хэрвээ тэр энх тайван тогтоох асуудалд үнэхээр нухацтай ханддаг бол үүнийгээ харуулах боломжийг бид өгч байна” хэмээн мэдэгдэв. Түүнтэй хамт Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы Канцлер Фридрих Мерц, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск нар Киевт хүрэлцэн очсон.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Өнөөдөр бид бодитой, урт хугацааны аюулгүй байдлыг хэрхэн бий болгож, баталгаажуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулах болно” гэж хэлжээ.
ОХУ-ын зүгээс гал зогсоохын өмнө Өрнөдийн зэр зэвсгийн тусламжийг зогсоох ёстой гэж шаардсан хэвээр байна. Харин Украины талаас ямар ч урьдчилсан болзолгүйгээр гал зогсоох ёстой гэж үзэж байгаа бөгөөд Зеленский “Ямар нэг болзол нөхцөл тавих оролдлого нь дайныг сунжруулж, дипломат яриа хэлэлцээг сүйтгэх санааны илрэл юм” гэж анхааруулжээ.
Францын Ерөнхийлөгч Макрон хэлэхдээ энэхүү гал зогсоох тохиролцооны хэрэгжилтийг АНУ тэргүүлэн хянаж, Европын орнууд дэмжлэг үзүүлэх болно хэмээв. Хэрэв тохиролцоо зөрчигдвөл Европ, Америк хамтран “томоохон хориг арга хэмжээг” авна гэж тэр нэмж дурдсан.
Германы Канцлер Мерц “Украины эсрэг дайн эхлүүлсэн цорын ганц этгээд бол олон улсын эрх зүйг зөрчсөн ОХУ юм” хэмээн мэдэгдэж, Оросыг хатуу буруутгасан байна.
Энэхүү Киев дэх уулзалт нь Москвад болсон Ялалтын баярын дараах өдөр тохиосон бөгөөд 20 гаруй улсын удирдагчид Оросын талын арга хэмжээнд оролцсон. Харин Европын холбооны зарим төлөөлөгчид, тэр дундаа Итали, Канад, Европын Комисс, НАТО-гийн удирдлагууд Киев дэх энэхүү уулзалтад цахимаар нэгдсэн байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний зүгээс зарласан гурван өдрийн гал зогсоох хугацаа Бямба гарагийн шөнө дуусах ёстой. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Европын удирдагчдын мэдэгдлийг “дайсагнасан агуулгатай, харилцааг сайжруулах бус сөргөлдөөнийг улам гааруулж байна” хэмээн буруутгаж, “биднийг шахаж шаардсан оролдлого амжилтгүй болно” гэж анхааруулжээ.