БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун лхагва гарагт охин Жү Э-гийн хамт дотоодын зэвсгийн үйлдвэрт зочилсон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээллээ. Тэрбээр үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ гар буугаар туршилтын буудлага хийж буй зургуудыг тус агентлаг нийтэлсэн байна.
Айлчлалын үеэр Ким Жөн Ун галт зэвсгийн үйлдвэрлэлийн явцтай танилцаж, үйлдвэрлэлийн процессыг шинэчлэх шаардлагатайг онцолжээ. Тэрбээр уг үйлдвэрийг цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй хэмээн үнэлсэн байна.
Ким Жөн Ун “Энэхүү үйлдвэр нь цэрэг армийн байлдааны чадварыг дээшлүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна” хэмээн хэлж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг “холыг харсан бодлогоор” нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон гэж KCNA мэдээлжээ.
Цөмийн зэвсэгтэй улсын хувьд БНАСАУ цэргийн чадавхаа харуулах үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Тухайлбал, Ким Жөн Ун саяхан шинээр зэвсэглэлд нэвтрүүлсэн байлдааны хөлөг онгоцноос стратегийн далавчит пуужин харвах туршилтыг удирдсан байна.
Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдсэн гэрэл зургууд дээр Ким Жөн Ун болон түүний охин Жү Э зэвсгийн үйлдвэрт хамт очсон нь харагдаж байгаа бөгөөд тэд хоёул хар савхин хүрэм өмссөн байжээ. Мөн Жү Э цэргийн албан тушаалтнуудын буудлагын сургуулилалтад оролцсон талаар мэдээлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Жү Э олон нийтэд илүүтэй харагдах болсон нь түүнийг ирээдүйд Ким Жөн Уны залгамжлагчаар бэлтгэж байж болзошгүй гэсэн таамгийг нэмэгдүүлж байгаа юм. Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба парламентын гишүүдэд өгсөн мэдээлэлдээ түүнийг бодлогын асуудалд оролцуулж байгаа нь БНАСАУ-ын дараагийн удирдагчид бэлтгэж буй шинж тэмдэг байж магадгүй гэж дурдсан байна.