Колумбын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Мигель Урибе нас барлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Колумбын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Мигель Урибе нас барлаа

Колумбын парламентын гишүүн, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Мигель Урибе өнгөрсөн 6-р сард буудуулсны улмаас 39 насандаа таалал төгслөө. Түүний эхнэр Мариа Клаудиа Таразона даваа гарагт Инстаграм хуудсаараа дамжуулан “Хайр дүүрэн амьдрал бэлэглэсэн чамдаа баярлалаа. Чи үүрд миний үнэнч хайр байх болно, тайван нойрс доо хайрт минь. Би үр хүүхдүүдээ сайн харж хандах болно” хэмээн сэтгэл хөдлөлөө илэрхийлжээ.

Мигель Урибе энэ оны 6-р сарын 7-нд нийслэл Богота хотын нэгэн дүүрэгт сонгуулийн уулзалт хийх үеэр халдлагад өртсөн юм. Гурван суманд оногдсоны хоёр нь түүний толгойд туссан бөгөөд эмнэлэгт хүргэгдэн хоёр сар гаруй эмчилгээ хийлгэсэн ч тархинд дахин цус алдалт өгснөөр биеийн байдал нь муудаж, өнгөрсөн бямба гарагт эрчимт эмчилгээний тасагт хүндээр байсан байна.

Эрх баригчид халдлагатай холбоотойгоор зургаан сэжигтнийг баривчилсан бөгөөд тэдний дунд халдлагыг үйлдсэн 15 настай өсвөр насны хүү багтаж байна. Мөн энэ хэрэгт үйл ажиллагаа нь зогссон, салан тусгаарлах үзэлтэй ФАРК бүлэглэл холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Колумбын дэд ерөнхийлөгч Франсиа Маркез “Өнөөдөр манай улсын хувьд гунигт өдөр тохиолоо. Бид улсын хувь заяаг хүчирхийллээр шийдэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Ардчиллыг цус урсгаж бус, харилцан хүндлэл, яриа хэлэлцээгээр байгуулдаг” гэж мэдэгдэв.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөн эмгэнэл илэрхийлж, АНУ талийгаачийн гэр бүл болон Колумбын ард түмэнтэй хамт байгаагаа мэдэгдэн, буруутнуудад хариуцлага тооцохыг шаардаж байгаагаа онцолсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment