Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч “Korean Air” компани АНУ-ын “Boeing”-оос нийт 103 нисэх онгоц захиалсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн том захиалга болж байна.
Захиалгад Boeing 787, 777 болон 737 загварын онгоцууд багтжээ. Хэлэлцээрийн ёслолд АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник, “Boeing Commercial Airplanes”-ийн гүйцэтгэх захирал Стефани Поп, “Korean Air”-ын гүйцэтгэх захирал Чо Вон Тэ нар оролцсон байна.
Мөн “Korean Air” компани ижил өдөр АНУ-ын “GE Aerospace” компанитай 13.7 тэрбум ам.долларын хөдөлгүүр худалдан авах, засвар үйлчилгээний гэрээ байгуулжээ. Захиалгын хүрээнд тус компанийн охин компани болох “Asiana”-д шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна.
Өмнөд Солонгосын Аж үйлдвэрийн яам энэ оны гуравдугаар сард “Korean Air” удахгүй Boeing болон GE-тэй 32.7 тэрбум ам.долларын гэрээ эцэслэнэ гэж мэдэгдэж байв.
“Korean Air” өнгөрсөн онд Boeing-оос 20 ширхэг 777-9, 20 ширхэг 787-10 онгоц захиалж, нэмэлт 10 онгоц авах боломжийг хэлэлцэж байжээ.
“SkyTeam” холбооны үүсгэн байгуулагч гишүүн “Korean Air” нь 1969 онд төрийн өмчит “Korean Air Lines”-ийг Өмнөд Солонгосын “Hanjin” групп худалдан авснаар байгуулагдсан юм.