Home Гадаад мэдээ Кремль: Ерөнхийлөгч Трампын Путиныг “галзуурсан” хэмээсэн нь сэтгэл хөдлөлийн хэтрэл

Кремль: Ерөнхийлөгч Трампын Путиныг “галзуурсан” хэмээсэн нь сэтгэл хөдлөлийн хэтрэл

0 comments
дайн

Ням гарагийн шөнө Оросын зүгээс Украины эсрэг дайны эхлэлээс хойших хамгийн том агаарын довтолгоог зохион байгуулсан талаар дэлхий нийт мэдээлсэн. Нийт 367 ширхэг нисгэгчгүй онгоц болон пуужин ашигласан уг довтолгооны улмаас 13 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ.

Энэхүү үйл явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн цахим хуудсанд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг “галзуурсан” хэмээн тодорхойлсон нь улс төр, дипломатын түвшинд хүчтэй хариу үйлдэл дагууллаа.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Даваа гарагт уг мэдэгдэлд хариу өгөхдөө “Ерөнхийлөгч Трампын хэлсэн үг бол хэт их сэтгэл хөдлөлийн илрэл” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн, Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнө Орос дахин 355 дроноор Украиныг довтолж, 10 хүний аминд хүрсэн байна. Украины зүгээс энэ нь хамгийн олон дрон ашигласан нэг удаагийн довтолгоо гэж мэдэгдсэн.

Песковын тайлбарласнаар, уг довтолгоо нь Оросын дэд бүтцэд Украины зүгээс хийсэн дронт дайралтад үзүүлж буй хариу арга хэмжээ аж. Сүүлийн өдрүүдэд Орос Украины эсрэг тогтмол агаарын довтолгоо хийж буй нь Европын холбоотнуудын байр суурийг өөрчлөхөд нөлөөлжээ.

Европын зэвсэг хязгаарлалтгүй болж байна

Германы канцлер Фридрих Мерц өчигдөр мэдэгдэхдээ:

Одоо Украин өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой болж байна. Холбоотнуудын нийлүүлсэн зэвсэгт ямар нэг тусгалын хязгаарлалт үйлчлэхгүй болсон” хэмээн онцоллоо.

Өмнө нь Украин нь барууны улсаас нийлүүлсэн зэвсгийг Оросын газар нутагт ашиглахдаа хязгаарлагдмал эрхтэй байсан бол одоо энэхүү хязгаарлалт цуцлагдаж байна.

Ерөнхийлөгч Володимир Зеленский маргааш буюу Лхагва гарагт Берлинд айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр өмнө нь нийлүүлэхээс татгалзаж байсан Taurus пуужингийн асуудал сөхөгдөж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Taurus нь 500 км хүртэл тусгалтай бөгөөд Украинд өмнө нь нийлүүлэгдсэн барууны зэвсгүүдээс хамгийн хол тусгалтай нь юм. ОХУ өмнө нь Герман улсыг Taurus пуужин нийлүүлэх нь “аюултай алхам” болно хэмээн анхааруулж байсан билээ.

Өнгөрсөн онд Их Британи Украинд нийлүүлсэн зэвсгийг өөрсдөө ашиглах хүрээг шийдэх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн, өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден алсын тусгалтай зэвсгийг тодорхой хязгаарлалтад багтаан Оросын нутаг дэвсгэрт ашиглах зөвшөөрөл Украины талд олгож байв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.