Том, хурц нүдтэй, сахилгагүй төрхтэй өхөөрдөм Лабубу тоглоом зөвхөн “хөөрхөн” байдлаараа бус, шинэ үеийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болон хувирч, олон хүний анхаарлыг дахин татаж байна. Тайваньд амьдардаг 26 настай Зоу Ин хэмээх цуглуулагч залуу энэ тоглоомоороо дамжуулан ердөө нэг хоногийн дотор тэрбумтны эгнээнд багтжээ.
Зоу Ин 2020 оноос Лабубу тоглоомын төрөл бүрийг цуглуулж эхэлсэн бөгөөд анх цэвэр сонирхлоор, «хөөрхөн учраас» л цуглуулдаг байсан гэж ярьжээ. Гэвч цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн, ховор загваруудын үнэ огцом өссөнөөр түүний хобби асар өндөр үнэ цэнтэй хөрөнгө болон хувирсан байна.
Сүүлд болсон онлайн дуудлага худалдаанд түүний 120 ширхэг тоглоом бүхий цуглуулга нийт 10 сая юань буюу ойролцоогоор 1.35 тэрбум төгрөгөөр зарагдсан нь дөнгөж нэг өдрийн дотор түүнийг тэрбумтны эгнээнд багтаасан түүх болон үлджээ.
Лабубу нь Хятадын POP MART компанийн “Dimoo World” ертөнцийн “THE MONSTERS” цувралын дүр бөгөөд соёлын бэлгэ тэмдэг болон хөгжиж байгаа цөөн тоглоомуудын нэг. Анх 20-30 ам.доллараар зарагддаг байсан эдгээр тоглоом хязгаарлагдмал хувилбарын тохиолдолд хоёрдогч зах зээл дээр 1000, 5000, бүр 10,000 ам.долларт хүрэх тохиолдол ч гардаг байна.