Каталоны алдарт клуб болох Барселона Испанийн авьяаслаг залуу тоглогч Ламин Ямалтай зургаан жилийн шинэ гэрээ байгуулж, түүнийг 2031 он хүртэл багтаа үлдээгээр боллоо. Энэ нь 17 настай жигүүрийн тоглогчийн одоо хүчин төгөлдөр байсан 2025-26 оны улирлын төгсгөлд дуусах гэрээг уртасгасан чухал алхам боллоо.
Л.Ямал 2023 онд ердөө 15 настайдаа Барселона клубын үндсэн багт анх удаа тоглож байсан бол өнөөдөр түүний нэр багийн амжилтын салшгүй хэсэг болжээ. Тэрбээр өнгөрсөн улиралд нийт 55 тоглолтод оролцож, 18 гоол оруулан, 25 оновчтой дамжуулалт өгсөн. Барселона клуб Ханси Фликийн удирдлага дор Ла Лиг, Копа Дел Рэй, Испанийн супер цомд түрүүлж, дотоодын гурав дахин аварга болоход Л.Ямал гол үүрэг гүйцэтгэсэн.
Одоогийн байдлаар Ямал Барселона клубын төлөө нийт 115 тоглолтод оролцож, 25 гоолын эзэн болоод байна. Ингэснээр тэрбээр клубын түүхэнд дотоодын гурван тэмцээнд хамгийн залуудаа олон гоол оруулсан тоглогчоор бичигдэж, мөн Барса-гийн төлөө 100 тоглолт хийсэн хамгийн залуу тоглогч болсон амжилттай.
Улсын шигшээ багийн тухайд Л.Ямал Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 19 тоглолтод оролцож, 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн багийн гишүүнээр Берлинд болсон финалд Английг 2:1-ээр буулгаж авсан түүхтэй.
Барселона клубын зүгээс Ямалын шинэ гэрээний талаар албан ёсоор мэдээлэхдээ, гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа мягмар гарагт болж, түүнийг клубын ерөнхийлөгч Жоан Лапорта болон спортын захирал Деко нар хүндэтгэн оролцсон тухай дурдсан байна.
Барселона клуб энэ долоо хоногт мөн дасгалжуулагч Ханси Флик болон довтлогч Рафинья нартай гэрээгээ сунгасан бөгөөд ирээдүйдээ итгэл төгс алхаж буйгаа харуулж байна.