Леброн Жеймс НБА-гийн түүхэнд талбайгаас хамгийн олон оновчтой довтолгоо гүйцэтгэсэн тоглогч боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Леброн Джеймс

“Лейкерс” багийн довтлогч Леброн Жеймс НБА-гийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон удаа талбайгаас оновчтой шидэлт (field goals) гүйцэтгэсэн тоглогч болж, шинэ дээд амжилт тогтоолоо.

“Наггетс” багийн эсрэг хийсэн тоглолтын нэгдүгээр үе дуусахаас 12.3 секундийн өмнө Леброн суурь шугамнаас эргэж үсрээд довтолгоогоо амжилттай болгосон юм. Энэ нь түүний тухайн тоглолтын 3 дахь, харин замналынх нь 15,838 дахь оновчтой довтолгоо байлаа. Ингэснээр тэрээр домогт Карим Абдул-Жаббарыг гүйцэж, лигийн түүхэнд нэгдүгээрт бичигдэж эхлэв.

Өмнө нь Леброн Жеймс 2023 оны 2 дугаар сарын 7-нд Абдул-Жаббарын тогтоосон бүх цаг үеийн онооны дээд амжилтыг эвдэж байсан билээ.

Одоо 41 настай Леброны дараагийн зорилго бол Роберт Пэришийн эзэмшдэг НБА-д хамгийн олон тоглолтод оролцсон (1,611 тоглолт) рекордыг шинэчлэх юм. Одоогоор тэрээр 1,606 тоглолтод оролцсон үзүүлэлтээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Хэрэв Леброн ирэх тоглолтуудаа алгасахгүй оролцвол 3 дугаар сарын 16-нд “Рокетс”-ын эсрэг хийх тоглолтоор Пэришийн амжилтыг давах боломжтой юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй