Дуучин Леди Гага Канад улсад хийхээр төлөвлөсөн тоглолтоо цуцалсан тухайгаа өөрийн Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Түүний тоглолт 4 дүгээр сарын 7-ны өдөр Монреаль хотын “Bell Centre” спорт, соёлын цогцолборт болох ёстой байсан юм. Гэвч дуучин бүсгүй амьсгалын замын халдварт өвчин туссаны улмаас шоугаа цуцлахаас өөр аргагүйд хүрсэн байна. Эмч нарын зүгээс биеийн байдлыг нь улам дордуулахгүйн тулд ойрын хугацаанд тайзан дээр гарахгүй байхыг түүнд хатуу зөвлөжээ.
Гага одоогийн биеийн байдалтайгаа шүтэн бишрэгчдийнхээ хүлээлтэд нийцсэн, чанартай тоглолт үзүүлж чадахгүй гэдгээ нэмж дурдсан юм.
“Энэ мэдээ та бүхнийг хэр их гонсойлгож байгааг би мэдэж байна. Та нарынхаа итгэлийг алдсандаа сэтгэл минь маш их өвдөж байна. Энэ үдшийг хамт өнгөрүүлэхээр бүх зүйлээ төлөвлөж, намайг дэмжиж байсан хүн бүрээс хүлцэл өчье” хэмээн дуучин бүсгүй сэтгэгдлээ хуваалцжээ.