Дисней студи алдарт “Tangled” хүүхэлдэйн киногоо уран сайхны бүтээл болгон шинэчлэн хийхээр 2026-2027 онд багтаан гаргах төлөвлөгөөтэй байна. Харин гол дүр Рапунзелийн сонгон шалгаруулалтад K-pop од Лиса нэр дэвшиж болзошгүй талаар АНУ-ын Allkpop мэдээлжээ.
Эх сурвалжуудын хэлснээр Дисней Лисатай дүрийн талаар яриа хэлэлцээ эхлүүлсэн бөгөөд түүнийг олон улсын танилцуулалт, нэр хүндийн хувьд хамгийн тохиромжтой сонголт гэж үнэлж байгаа аж. “Snow White”-ийн шинэ хувилбарын орлого хүлээлтээс доогуур гарсан тул студи дараагийн төслүүддээ илүү танигдсан, дэлхийд нөлөө бүхий шинэ нүүр царай хайж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд онцолжээ.
Рапунзелийн дүрд нэр яригдаж буй бусад жүжигчдэд:
- Флоренс Пью
- Сидни Суини
хэмээх хоёр ч хүчтэй өрсөлдөгч багтаж байна.
Лиса энэ онд HBO-гийн “The White Lotus” цувралын гуравдугаар улиралд анх удаа жүжигчний хувиар тоглож, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Түүнчлэн одоо Netflix-ийн “Extraction: Tiger” киноны бүрэлдэхүүнд багтахаар ажиллаж байгаа.
“Tangled”-ийн уран сайхны хувилбар өмнө нь хэсэг хугацаанд түр зогссон ч саяханаас дахин хөдөлгөөнд оржээ. Гэсэн ч Дисней албан ёсны найруулагч, гаргах огноо болон бусад дэлгэрэнгүй мэдээллээ хараахан зарлаагүй байна. Төслийг төлөвлөсөн ёсоор хэрэгжүүлж чадвал олон улсын зах зээлд хүчтэй ашиг олох боломжтой гэж тооцоолж байгаа аж.
Хэрэв Лиса Рапунзелийн дүрийг бүтээхээр сонгогдвол К-pop ертөнцөөс Холливуд руу хүчтэй давалгаа үүсгэж, олон сая үзэгчийн сонирхлыг нэгэн зэрэг татах нь дамжиггүй.