Table of Contents
Ливерпүүлийн хөлбөмбөгийн клуб шинэ улирлын бэлтгэл ажлын хүрээнд Престон ФС багтай нөхөрсөг тоглолт хийсэн ч энэхүү тоглолт нь талийгаач довтлогч Диого Жота болон түүний дүү Андре Силвад зориулсан гашуудлын арга хэмжээнд хувирсан юм.
Уй гашуу, хүндэтгэл, дурсамж
Долоодугаар сарын 3-нд Португалын нэрт довтлогч Диого Жота (28) болон түүний дүү (25) нар Испанийн Замора хотод эмгэнэлтэйгээр нас барсан нь спортын ертөнцөд цочрол дагуулсан. Харин өчигдрийн тоглолт Жотагийн дурсгалд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болон өрнөсөн.
Тоглолт эхлэхийн өмнө Престоны хуучин тоглогч Шоны эхнэр, дуучин Клаудиа Роуз Магуайр хоёр дууг амьд дуулсан. Үзэгчид Ливерпүүлийн алдарт сүлд дуу “You’ll Never Walk Alone” болон “Can’t Help Falling in Love”-ийг дуугүй сонсож, гүн хүндэтгэл илэрхийлжээ.
Престоны ахлагч Бен Уайтман Анфилд стадионы Билл Шэнклигийн хөшөөний өмнө цэцэг өргөсөн бол Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчид Жотагийн нэр, зураг бүхий ороолт, туг барьж, дурсгалыг нь хүндэтгэн хамтдаа сүлд дуугаа дуулсан байна.
20 дугаартай цамцыг зодог тайлна
Клуб Жотагийн өмсдөг байсан 20 дугаартай цамцыг албан ёсоор зодог тайлж, цаашид ямар ч тоглогч клубын аль ч шатанд энэхүү дугаарыг дахин өмсөхгүй болохыг зарлалаа. Түүний гэнэтийн үхэл нь дөнгөж гэрлэж, гурван хүүхдийн эцэг болсон амьдралынх нь оргил үед тохиосон тул олон хүний сэтгэлийг өвтгөсөн.
Тоглолтын онцлох мөчүүд
- Мохамед Салах багийн ахлагчаар тоглож, тууз зүүсэн
- Хаалгач Гиорги Мамардашвили клубын төлөө анхны тоглолтоо хийсэн
- Жереми Фримпонг, Милош Керкез нар сэлгээний бүрэлдэхүүнд багтаж, дебютээ хүлээж байсан
- Флориан Виртц шинээр багт нэгдсэн ч шалтгаан тодорхойгүйгээр энэ тоглолтонд оролцсонгүй
Хэдий гашуудлын уур амьсгалтай байсан ч энэхүү тоглолт бол Жотагийн дурсамжийг хүндэтгэх, спортын хүрээлэл болон хөгжөөн дэмжигчдийн зүгээс сэтгэлээ илэрхийлэх сайхан мөч болж өнгөрлөө. Ливерпүүл клуб болон түүний үнэнч фэнүүдийн зүгээс энэ дэлхийг орхисон ч зүрх сэтгэлд нь мөнхөд үлдэх тоглогчдоо үнэн сэтгэлээсээ үдэж өглөө.