Лос Анжелес хотын дарга Карен Басс эмх замбараагүй байдал үүссэнтэй холбоотойгоор онц байдал зарлаж, орон нутгийн цагаар мягмар гарагийн оройноос эхлэн хотын төвийн хэсэгт хөл хорио тогтоосноо мэдэгдлээ. Хөл хорио 1300 ам км нутгийг хамарсан бөгөөд оройн 20:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэгжиж байгаа юм.
Хууль ёсны оршин суугч, сэтгүүлч, онцгой байдлын албан хаагчдаас бусад иргэдийг энэ хугацаанд гадагш гарахыг хориглосон байна. Хэдий хөл хорио тогтоосон ч эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж, үүний дүнд нийт 200 гаруй хүн баривчлагджээ.
Цагдаагийн албаны мэдээллээр:
- Жагсаал тараах шаардлагыг зөрчсөн – 203 хүн
- Хөл хориог зөрчсөн – 17 хүн
- Галт зэвсэг биедээ авч явсан – 3 хүн
- Цагдаад үхлийн аюултай зэвсгээр халдсан – 1 хүн
- Хууль бусаар оршин сууж байсан цагаач – 330 орчим хүн
Эдгээр баривчилгаа нь цагаачдыг албадан гаргах ажиллагааг эсэргүүцсэн жагсаалаас үүдэлтэй байсан бөгөөд анхны тайван жагсаал үймээн самуун болон хувирчээ. Үүний дараа Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний гвардын 4000 цэрэг, тэнгисийн явган цэргийн 700 албан хаагчийг тус хотод илгээх тушаал гаргасан байна.
Ерөнхийлөгч Трамп Форт Браггт хийсэн мэдэгдэлдээ: “Хотын дотор гадаадын улс орны туг далбаа барьсан этгээдүүд эмх замбараагүй байдал үүсгэж байна. Тиймээс энэ шийдвэр зайлшгүй байсан” хэмээн өөрийгөө өмгөөлсөн.
Харин Лос Анжелес хотын дарга Карен Басс хөл хориог цагаачдыг баривчлах ажиллагаа дуусах хүртэл үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд, “Долоо хоногийн өмнө тайван байсан хотыг цэргээр дүүргэж, иргэдийг айдаст автуулж байна. Холбооны Засгийн газар эрх мэдлээ хэрхэн ашиглаж болохыг туршиж байгаа мэт харагдаж байна” хэмээн холбооны засаглалыг шүүмжилжээ.
Түүнтэй адил байр суурь илэрхийлж, Ерөнхийлөгч Трампыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн шүүхэд өгсөн хүн бол Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом юм. Тэрээр “Трамп хүчирхийлэл өдөөж, нөхцөл байдлыг улам хурцатгаж байна. Калифорни бол дөнгөж эхлэл” гэж мэдэгджээ. Энэхүү хэргийг шүүхэд хэлэлцэх ажиллагаа пүрэв гарагт Хойд Калифорнийн дүүргийн шүүхэд явагдана.
Пентагоны мэдээлснээр Лос Анжелест цэрэг байрлуулах ажиллагаанд нийт 134 сая ам.доллар зарцуулсан байна. Лос Анжелест эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн Нью-Йорк, Чикаго, Атланта, Техас, Сан Франциско зэрэг бусад томоохон хотуудад ч өргөжиж байна.