АНУ-ын Лигийн цомын шигшээ тоглолт даваа гарагт болж, “Интер Майами” болон “Сиэттл Саундерс” багуудын тоглолт хурц маргаантайгаар өндөрлөв.
Тэмцээний төгсгөлд гарсан зөрчилдөөний үеэр “Интер Майами”-гийн довтлогч Луис Суарез “Саундерс”-ын 20 настай Обед Варгасыг хүзүүнээс нь чангааж, зулгаасан бол түүний хамтрагч Серхио Бускетс Варгаст цохилт өгсөн байна. Үүгээр ч зогсохгүй 38 настай Суарез эсрэг багийн дасгалжуулагчдын нэг рүү нулимснаар олны дургүйцлийг төрүүлжээ.
Суарезийн хувьд иймэрхүү маргаантай, хурц үйлдэл нь шинэ зүйл биш. Тэрээр замналынхаа туршид хэдэнтээ шийтгэл хүлээж байсан бөгөөд гурван удаа өрсөлдөгчөө хазсан хэрэгт холбогдож байлаа. 2014 оны ДАШТ-ий үеэр Италийн хамгаалагч Жоржио Кьеллиниг хазсаны улмаас ФИФА түүний тоглох эрхийг дөрвөн сараар хассан. “Ливерпүүл”-ийн тоглогч байхдаа “Челси”-гийн Бранислав Ивановичийг хазсаны улмаас арван тоглолтоор, түүнээс өмнө “ПСВ Эйндховен”-ы Отман Баккалыг хазаж долоон тоглолтоор бандуулж байв.
Мөн 2011 онд “Манчестер Юнайтед”-ийн хамгаалагч Патрис Эвраг арьс өнгөөр ялгаварласан хэрэгт буруутгагдаж, найман тоглолтоор торгуулийн шийтгэл хүлээсэн.
Гэсэн хэдий ч Суарезийн “ёс зөрчсөн” үйлдэл Уругвайн шигшээд ашигтай туссан нэгэн тохиолдол бий. 2010 оны ДАШТ-ий үеэр Ганын эсрэг тоглолтод хаалга руу орж байсан бөмбөгийг гараараа хааж, багийг хагас шигшээд шалгаруулсан нь түүхэнд үлдсэн.
Энэ удаагийн үйл явдлын улмаас түүнийг хэд хэдэн тоглолтоор хасах шийтгэл оноох магадлал өндөр байна.
2 комментария
Хөлбөмбөгийн домогт тоглогч, 38 настай залуу хяналтаа алдаж, эсрэг багийн дасгалжуулагч руу нулимж байхыг харах үнэхээр гунигтай
Тэрээр карьертаа хазахаас эхлээд тоглолтын дараах үйлдлүүд хүртэл хэд хэдэн олны анхаарлыг татсан дуулиан дэгдээсэн