Lionsgate кино студи Америкийн алдарт дуучин Майкл Жексоны тухай өгүүлэх “Майкл” (Michael) намтарчилсан киноны трэйлерийг олон нийтэд хүргэлээ. Variety сэтгүүлийн мэдээлснээр, АНУ-д уг киноны нээлт дөрөвдүгээр сарын 24-нд болно. Киноны гол дүрийг Майкл Жексоны ач дүү, 29 настай Жаафар Жексон бүтээж байгаа юм.
Уг бүтээлийн найруулагчаар Антуан Фукуа (“Training Day”, “The Equalizer”) ажилласан бол кино зохиолыг “Gladiator”, “Rango” зэрэг бүтээлүүдээрээ алдартай зохиолч бичжээ. “Хамгийн гол нь Жаафар Майклыг өөртөө амилуулж чадсан. Энэ нь зөвхөн гадаад төрхийн ижил төстэй байдлаас давсан зүйл юм. Майклын сүнс, мөн чанар гайхамшигтайгаар илэрч байна. Үүнд итгэхийн тулд заавал үзэх хэрэгтэй” хэмээн найруулагчийн хэлснийг тус хэвлэл иш татжээ.
“Майкл” кино нь дэлхийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэгний амьдрал болон өв залгамжлалыг кино урлагийн хэлээр дүрслэн харуулж буй хэрэг юм. Уг бүтээл нь Майкл Жексоны хөгжмийн ертөнцөөс гадуурх амьдралын түүхийг өгүүлэх бөгөөд түүнийг Jackson 5 хамтлагийн гоцлол дуучин байх үеэс эхлэн дэлхийн хамгийн алдартай уран бүтээлч болох хүртэлх замналыг нь харуулах ажээ.