Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Вьетнамд хийж буй төрийн айлчлалынхаа үеэр сошиал ертөнцөд түгсэн нэгэн бичлэгийн талаар тайлбар өглөө. Уг бичлэгт Ханой хотын нисэх буудалд онгоцноос буухын өмнө түүний нүүр рүү хэн нэгэн түлхэж байгаа харагддаг бөгөөд тухайн хүн нь түүний гэргий Брижит Макрон болох нь тогтоогджээ.
Тухайн үйл явдал олон нийтийн дунд шуугиан дэгдээж эхэлсэн ч Макрон Ханойд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Энэ бол бидний хооронд тогтмол болдог наргиа, тоглоомын нэг хэсэг” хэмээн мэдэгдэв.
Элисейн ордны төлөөлөгчид ч мөн энэхүү үйл явдлыг дэмжиж, “Энэ нь тэдний дотно харилцааны энгийн илэрхийлэл байсан бөгөөд, харин хуйвалдааны онолчдын хувьд хангалттай “тэжээл” болж орхилоо” гэж тайлбарласан байна.
Харин өөр нэг эх сурвалж “Ерөнхийлөгч албан ёсны арга хэмжээнүүдийн өмнө эхнэртэйгээ тоглож, элэгсэг байдлаар харилцдаг. Түүний гэргий ч үүнд ижил хариу үзүүлдэг” гэжээ.
Макрон үүний зэрэгцээ өмнө нь сошиалд дуулиан тарьсан зарим бичлэгүүдийн тухай ч дурдсан бөгөөд:
“Хүмүүс намайг кокаин хэрэглэсэн, Туркийн ерөнхийлөгчтэй маргалдсан гэж хүртэл цуурсан. Одоо бүр эхнэртэйгээ муудалцсан гэдэг яриа гарч байна. Эдгээрийн аль нь ч үнэн биш. Бүгд тайвшир” хэмээн хариу мэдэгдэл хийжээ.
Сонирхолтой нь, сүүлийн дуулианд ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова ч оролцож, сошиал хуудсандаа:
“Тэргүүн хатагтай нөхрийнхөө хацрыг зөөлөн алгадаж баярлуулах гэсэн ч хүч чадлаа буруу тооцоолов уу? Цамцны захыг нь засах гээд нүүр рүү нь хүрчихэв үү? Эсвэл энэ гар Кремлийн гар ч байж магадгүй” хэмээн даажигнан бичсэн байна.
Макрон энэ удаагийн айлчлалаараа Вьетнамд сүүлийн 10 жилийн хугацаанд айлчилж буй анхны Францын төрийн тэргүүн болж байгаа юм. Айлчлалын хүрээнд хоёр улс Airbus онгоц нийлүүлэх, батлан хамгаалах, эрчим хүч зэрэг салбарт нийт 9 тэрбум еврогийн гэрээ байгуулахаар тохиролцоод байна.