Мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хүндрэх төлөвтэй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад хүндрэх төлөвтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалт болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээлэлд тулгуурлан боловсруулжээ. Тодруулбал ган, зуншлагын нөхцөл, 2025–2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац ба ургац, агаарын температур, хур тунадасны олон жилийн дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан, мөн нэгдүгээр сарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг үзүүлэлтийг нэгтгэн тооцсон байна.

Урьдчилсан төлөвийн дүнгээс харахад мал өвөлжилт нийт нутгийн 3 хувьд нэн их, 17 хувьд их, 38 хувьд дунд, 26 хувьд бага зэрэг хүндрэлтэй байх магадлалтай бол 16 хувьд хүндрэлгүй байхаар байгаа юм.

Аймаг, бүс нутгаар нь авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ихэнх хэсгээр өвөлжилт их хүндрэх төлөв ажиглагдаж байна. Мөн Өвөрхангай, Баянхонгор, Дундговийн зарим нутгаар ч нөхцөл байдал хүндэрч болзошгүй гэж үнэлжээ.

Иймээс өвөлжилт хүндэрсэн болон цаашид хүндрэх эрсдэлтэй бүсүүдэд анхаарал нэмэгдүүлж, цаг уурын байгууллагаас тогтмол гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ, мөн тухай бүр шинэчлэн нийтлэх зудын урьдчилсан төлөвийн мэдээллийг тогтмол ашиглан хариу арга хэмжээгээ урьдчилан төлөвлөж ажиллахыг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй