2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хуулийн дагуу санхүүжилттэй холбоотой хэсэг нь 2024 оны долдугаар сараас мөрдөгдөж байна. Улс төрийн намууд 2024 оны тайлангаа гаргасны дараа, сонгуулийн дараагийн жилд буюу 2025 оноос төрөөс санхүүжилт олгохоор зохицуулалт хийгдсэн.
Хуульд зааснаар, төрийн санхүүжилтийн хэмжээг тооцож үзээд 7.4 тэрбум төгрөгийг долоон нам, эвсэлд олгох боломжтой гэж зарласан байна. Үүний дагуу, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараах 2025 онд МАН хамгийн их санхүүжилт болох 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая төгрөг авна гэж төлөвлөж байгаа юм.
Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) хуулийн дагуу энэ мөнгийг намуудад өгөхөөс өмнө санхүүгийн тайланг шалгаж, хяналтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тодруулбал, дараах алхмуудыг дагана:
- Хараат бус аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргах
- Сонгуулийн ерөнхий хороо өөрөө хянах
- Үндэсний аудитын газар хянах
Үндэсний аудитын газар 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны дотор тайлангийн дүгнэлт гаргах ёстой бөгөөд үүний дараагаар СЕХ дүгнэлтүүдийг хорооныхоо хуралдаанд танилцуулсны дараа олон нийтэд мэдээлэх болно. Ингэснээр улс төрийн намууд төрөөс эхний санхүүжилтээ 2025 оны тавдугаар сард авах боломжтой.
Дараа нь улс төрийн намууд 2025 оны долдугаар сарын 20-ны дотор хагас жилийн санхүүгийн тайлангаа СЕХ-нд ирүүлэх ёстой бөгөөд тус тайлан дээр намууд төрийн санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаарх мэдээлэл гарах болно.
Хуульд улс төрийн намын гишүүний татвар, хуулийн этгээдийн хандив, иргэдээс өгсөн хандивын орлогын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс илүү хэмжээнээс улс төрийн намын санхүүжилт хэтрэх ёсгүй гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байдаг.
УИХ-ын 2024 оны сонгуульд нийт 18 нам, эвсэл 14.9 тэрбум төгрөг, 820 нэр дэвшигч нийт 93.6 тэрбум төгрөгийг сонгуулийн кампанит ажилд зарцуулсан байна.