Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болохоор зарлагдлаа. Өчигдөр үдээс хойш Төрийн ордонд өрнөсөн МАН-ын удирдлагуудын цуврал уулзалтууд тодорхой шийдэлд хүрсэн бөгөөд уг асуудлыг УЗ-ийн хурлаар оруулж, эцсийн шийдвэр гаргахаар болсон байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын албан тушаалаа өгч, намын дарга нь Ерөнхий сайд байх дүрмийн заалтыг хэрэгжүүлэн, шинэ танхимаа бүрдүүлэхээр тохиролцсон аж. Энэхүү тохиролцооны хүрээнд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн фракцаас 2-3 хүнийг сайдаар томилох саналыг авч хэлэлцэхээр болжээ. Түүнчлэн Н.Учрал шинэ Засгийн газраа дангаараа байгуулахгүй бөгөөд одоогийн хамтарсан засагт багтаж буй ХҮН нам болон ИЗНН-тай үргэлжлүүлэн ажиллах төлөвлөгөөгөө УЗ-дөө танилцуулах юм байна.
Гэсэн хэдий ч эрх баригч нам доторх санал зөрөлдөөн хурц хэвээр байгаа бөгөөд одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар суудлаа өгөх сонирхолгүй байгаа аж. Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар дэмжиж байгаа тул дээрх хувилбарууд Удирдах зөвлөлийн хурлаар дэмжигдэх, эсэх нь эргэлзээтэй байна. 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш ийнхүү хоёр дахь Засгийн газраа огцруулах асуудал яригдаж байгаа нь улс төрийн тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэйг ажиглагчид сануулж буй юм.
МАН-ын Удирдах зөвлөлийн 39 гишүүний бүрэлдэхүүнд дараах хүмүүс багтаж байна:
- Ерөнхий сайд Г.Занданшатар
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
- Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал
- УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
- УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан
- УИХ-ын гишүүн У.Отгонбаяр
- УИХ-ын гишүүн З.Мэндсайхан
- УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
- УИХ-ын гишүүн Б.Уянга
- УИХ-ын гишүүн Ч.Номин
- УИХ-ын гишүүн М.Мандхай
- УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа
- УИХ-ын гишүүн Б. Хэрлэн
- УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар
- УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа
- УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг
- Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар
- Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар
- Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва
- Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр
- Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг
- Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн
- Нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар
- Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан
- Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар
- НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин
- СДМЭХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Жавзандорж
- СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг
- Ерөнхий сайдын зөвлөх А.Энхзул
Эрх баригч намынхан нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй бол дараагийн сонгууль хүртэл УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалтнууд хэдэн ч удаа солигдох эрсдэл нүүрлээд байна. Удирдах зөвлөл өнөөдрийн хурлаараа эдгээр зөрчилтэй асуудлуудыг нэг талд гаргаж, улс төрийн эцсийн шийдвэрээ гаргах хүлээлттэй байна.