Экологийн цагдаагийн албанаас мэдээлснээр, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа болон “Ховор амьтан ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг” төрийн бус байгууллага хамтран мазаалай баавгайн судалгааг гүнзгийрүүлэн хийж, амьтанд дохиолол бүхий хүзүүвч зүүж эхэлжээ.
Сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхий дээр зөвхөн манай говьд амьдардаг энэхүү ховор зүйлийн баавгайн тоо толгой 20-50 орчим болж цөөрсөн бөгөөд амьдрах орчны хүрээ нь 2-3 дахин хумигдсан нь анхаарал татаж байна.
Сансрын дохиоллоор мазаалайн шилжилт хөдөлгөөнийг хянаж байна
Судалгааны баг 2024 онд хоёр мазаалайд дохиолол бүхий хүзүүвч зүүсэн бөгөөд тэдгээр нь Тост, Тосон бумын нуруу болон Говь гурван сайхны байгалийн цогцолбор газрын хооронд шилжин нүүдэллэсэн болохыг тогтоожээ. Энэ нь мазаалайн нутагшил, шилжилтийн чиглэл, экологийн зан төлвийг нарийвчлан тогтооход ихээхэн ач холбогдолтой мэдээлэл болж байна.
Байгаль хамгаалалд шинэ чиглэл шаардлагатай болжээ
Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамны зүгээс цаашид мазаалайн тархац нутгийн нарийвчилсан зураглалыг гаргаж, үндсэн тархац бүсээс гадна шилжилт хөдөлгөөний зам буюу холбоос нутгийг тусгай хамгаалалтад авах хэрэгцээтэй болж байгааг онцолжээ.
Хамгийн ховор баавгайн нэгээр нэрлэгддэг мазаалай нь Монгол орны говийн экосистемийн амьд гэрч, экологийн тэнцвэрт байдлын илэрхийлэл бөгөөд түүнийг хамгаалах арга хэмжээг илүү шинжлэх ухаанч түвшинд, бодлогын зохицуулалтаар хангах шаардлага бий болж байна.