Мексикийн “Халискогийн шинэ үе” (CJNG) бүлэглэлийн толгойлогч, Эль Менчо хочит Рубен Осегера Сервантесыг Халиско мужийн Сапопан хотын оршуулгын газарт алтан авсанд оршуулахаар хүргэсэн тухай El Universal сонин мэдээллээ.
Medee.news сайтын дамжуулснаар, гашуудал илэрхийлэх цуваа 3-р сарын 2-ны өглөө Халиско мужийн нийслэл Гвадалахарад байрлах оршуулгын товчооноос хөдөлсөн байна. Оршуулгын газарт хүрэлцэн ирэхэд найрал хөгжим хүлээн авсан бөгөөд оршуулах ажиллагаа хаалттай горимд болж өнгөрчээ.
Тус хэвлэлийн онцолсноор, цогцсыг тээвэрлэх болон оршуулах ажиллагаа нь аюулгүй байдлыг хангах өргөн хүрээний ажиллагааны дор явагдсан байна. Цувааны маршрут болон “Ресинто де ла Пас” оршуулгын газрын нутаг дэвсгэрийг холбооны болон бүс нутгийн хүчний байгууллагын дайчид эргүүлээр хамгаалжээ. Мөн оршуулгын товчооны гадна армийн хуягт техникүүд байрласан байна.
Мексикийн Үндэсний батлан хамгаалах яам 2-р сарын 22-ны өдөр Эль Менчог устгаснаа зарласан юм. Тус байгууллагын мэдээллээр, тэрээр Халиско мужийн Тапальпа хотын ойролцоо хүчнийхэнтэй буудалцах үеэр хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Уг тусгай ажиллагааны дараа тус улсын хэмжээнд замуудыг хаах, машин болон худалдааны цэгүүдийг шатаах зэрэг эмх замбараагүй байдал үүссэн. Харин тус улсын Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум 2-р сарын 23 гэхэд нийтийн аюулгүй байдал бүрэн хяналтад орсон болохыг мэдэгдсэн байна.