Алдарт Metallica хамтлагийн лидер, 62 настай Жэймс Хэтфилд найз бүсгүй Адриана Жиллеттэд гэрлэх санал тавьж, сүй тавьснаа зарлалаа.
Энэхүү баярт мэдээг түүний найз бүсгүй Адриана Жиллетт өөрийн Instagram хуудсаараа дамжуулан олон нийтэд ил болгожээ. Хөгжимчин эр хайртай бүсгүйнхээ төрсөн өдөрт зориулж аварга загаснуудын дунд хамтдаа шумбах экстрем бэлэг барьсан байна. Гэвч энэ нь зөвхөн төрсөн өдрийн бэлэг байсангүй.
Шумбалтын үеэр Жэймс усан доор “Адриана Жиллетт, чи надтай гэрлэх үү?” гэсэн бичигтэй цаас гаргаж ирэн гэрлэх санал тавьсан бөгөөд найз бүсгүй нь ч дуртайяа зөвшөөрчээ.

Адриана сэтгэгдлээ хуваалцахдаа: “Хамгийн шилдэг төрсөн өдрийн гэнэтийн бэлэг байлаа. Загасаар дүүрэн далай дундаас бид бие биенээ оллоо. Биднийг учруулсан Бурханд баярлалаа” хэмээн бичсэн байна.
Жэймс Хэтфилд болон Адриана Жиллетт нар 2023 онд харилцаагаа албан ёсоор ил болгосон юм. Үүнээс өмнө рок од маань Франческа Томаситай 25 жил ханилж, 2022 оны наймдугаар сард гэрлэлтээ цуцлуулсан билээ. Тэд Калли, Марселла, Кастор хэмээх гурван хүүхэдтэй юм.