МИАТ ТӨХК 2025 оны аравдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор нээжээ.
Тус нислэг нь орон нутгийн хөгжил болон бүс нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, аялал жуулчлал, бизнесийн урсгалыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
МИАТ компани ойрын зайнд тохиромжтой CRJ-700 төрлийн агаарын хөлгөөр нислэг үйлдэх бөгөөд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагуудад тогтмол хуваарьтайгаар ниснэ.
Агаарын тээврийн сүлжээг өргөжүүлж байна
Энэхүү шинэ чиглэл нээгдсэнээр МИАТ ТӨХК-ийн орон нутгийн агаарын тээврийн сүлжээ өргөжиж, өмнө нь онгоцоор зорчих боломж хязгаартай байсан Баянхонгор аймгийн иргэд илүү хурдан, тав тухтай зорчих нөхцөл бүрдэж байна.
МИАТ компани ирэх онд орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, бүс нутгийн агаарын тээврийн холболтыг сайжруулах хэд хэдэн шинэ чиглэл нээхээр төлөвлөжээ.