Итали улсын Милан болон Кортина д’Ампеццо хотуудад ирэх хоёрдугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд өвлийн олимпын XXV наадам зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн 90 гаруй орны 3,500 орчим шилдэг тамирчин хурд хүчээ сорих энэхүү наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цана болон уулын цанын төрөлд гурван тамирчин эрхээ аван оролцохоор болоод байна.
Их Монгол Улсын түүхийг шингээсэн “Гоёл”
Энэ удаагийн олимпын наадамд оролцох Монголын шигшээ багийн ёслолын болон чөлөөт хувцасны загвар нь бидний өв соёлыг дэлхий дахинд шинэлэг байдлаар тунхаглаж байгаагаараа онцлогтой. Загвар зохион бүтээгчид уламжлалт дээлийг орчин үеийн загвартай хослуулахаас илүүтэй, XIII–XV зууны Их Монгол Улсын үеийн түүхэн хийцийг суурь болгон ашиглажээ.
“Манай улсын хамгийн хүчирхэг түүхэн үе болох XIII–XV зууны Их Монгол Улсын үеийн дээл хувцсыг үндэс болгон бүтээсэн энэхүү загвар нь хөдөлгөөнд саадгүй хормойн оноо, салхи хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр зэрэг уламжлалт шийдлийг хадгалсан бөгөөд зөөлөн тансаг монгол ноолуурыг гоёмсог торгоор эмжин, уламжлалт эвэр угалз хээг хатгаснаараа онцлог юм.”
Ёслолын дээлнээс гадна барууны уулын цанын соёлд түгсэн ноосон цамцыг монгол гэр, нүүдэлчин ахуйн дүрслэлээр баяжуулан ноолуураар урласан нь тамирчдын тэсвэр хатуужил, ур ухааныг спортын тавцанд тодотгох зорилготой аж.

Тамирчдын бүрэлдэхүүн ба тэмцээний хуваарь
Монголын баг тамирчид ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн цагаан олимпын замд хурд хүчээ сорьж эхэлнэ. Энэ удаад гүйлтийн цанын төрөлд туршлагатай тамирчин Б.Ачбадрах гурав дахь олимпдоо оролцож байгаа бол ОУХМ Э.Ариунтунгалаг, А.Ариунбат нар олимпын дэбютээ хийх гэж байна.
Монголын баг тамирчдын оролцох төрөл ба тов:
- Батмөнхийн Ачбадрах (Гүйлтийн цана): Скиатлон, спринт, 10 км-ийн зайд 2-р сарын 7-ноос уралдаж эхэлнэ.
- Энхбаярын Ариунтунгалаг (Гүйлтийн цана): Скиатлон, спринт, 10 км-ийн зайд мөн 2-р сарын 7-ны өдрөөс өрсөлдөнө.
- Алтанзулын Ариунбат (Уулын цана): Слалом төрөлд 2-р сарын 16-ны өдөр хурд хүчээ сорино.

Мянга мянган жилийн турш Төв Азийн өндөрлөгийн мөнх өвлийг туулж ирсэн монголчуудын дайчин чанар, бахархлыг Италийн Милан, Кортинагийн тэнгэрт ийнхүү өвөрмөц “Гоёл”-оор дамжуулан харуулах нь ээ.