“Miss Universe” будлианд орж, оролцогчид эсэргүүцэл зарлав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Тэнэг гэж доромжлуулсан Дэлхийн миссүүд эсэргүүцэл зарлажээ

“Miss Universe” олон улсын тэмцээн энэ жил болох эсэх нь тодорхой бус байдалд хүрээд байна. Үзэсгэлэн гоог хүндэтгэх ёстой томоохон наадам зохион байгуулагчдын алдаанаас болж дуулианд холбогджээ.

Тус тэмцээний Гүйцэтгэх захирал Нават Ицарагрисил Facebook-ийн шууд нэвтрүүлгийн үеэр Мексикийн төлөөлөгч Фатима Бошийг олон нийтийн өмнө доромжилсон нь шүүмжлэл дагуулсан. Тэрээр Бошийг ивээн тэтгэгчдийн уулзалтад ирээгүй гэж буруутган, камерын өмнө “тэнэг” гэж хэлсний дээр буруугаа хүлээхийг шаарджээ.

Нават Ицарагрисил

Фатима хариу тайлбарлах гэсэн ч Нават захирал түүний үгийг тасалж, хамгаалалтын ажилтнуудаар танхимаас гаргахыг тушаасан байна. Бошийг хөөж гаргахад түүнийг дэмжсэн бусад мисс нар даган гарсан бөгөөд тэдний дунд өнгөрсөн жилийн Мисс, Данийн Виктория Кьер Тейлвиг ч байжээ. Захирал эсэргүүцсэн бүсгүйчүүдийг тэмцээнээс хасана хэмээн сүрдүүлсэн ч энэ нь ямар ч үр дүнд хүрээгүй.

Энэ явдал шууд цацагдсан тул хэдхэн минутын дотор TikTok, Instagram, X зэрэг сүлжээгээр тарж, “Miss Universe”-ийн түүхэн дэх хамгийн зоримог үйлдэл хэмээн үнэлэгдэв. #StandWithMexico, #JusticeForFatima, #MissUniverseThailand зэрэг хаштаг дэлхий даяар тренд болж, Ицарагрисилд уучлал гуйх шаардлага хүчтэй дэгджээ.

Фатима Бош хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
“Би Тайландад хайртай. Би хэнийг ч үл хүндэтгэж байгаагүй. Гэхдээ надад ‘тэнэг’ гэж хэлнэ гэж бодоогүй. Энэ бол бүрэн утгаараа доромжлол. Би тийм харьцааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид хүчтэй эмэгтэйчүүд” хэмээсэн байна.

Тэмцээний зохион байгуулагчид энэ дуулиант асуудалтай холбоотойгоор маргааныг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж албан мэдэгдэл гаргасан. Үлдсэн оролцогчид одоогоор ажил хаялт зарлаад байгаа бөгөөд финалын шат анхдугаар төлөвлөгдсөнөөр энэ сарын 21-нд Бангкокт болох ёстой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй