Могойтой таарвал хэрхэн аюулгүй байх вэ? Эдгээр алдааг бүү гарга

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
могой

Амралт, аяллын улирал эхэлж буй энэ үед иргэдийн байгальд гарах хөдөлгөөн эрс нэмэгдэж, үүнийг дагаад могойд хатгуулах эрсдэл ч өсдөг байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс энэ талаар анхааруулга гаргаж, иргэдийг онцгой сэрэмжтэй байхыг сануулжээ.

Манай оронд хорт могойн төрөл ховор хэдий ч өнгөрсөн онд могойд хатгуулах хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдгээрийн дийлэнх нь “бамбай хоншоорт” хэмээх хортой могойтой холбоотой байжээ. Энэхүү могой нь 70 орчим сантиметр урт бөгөөд улбар шар, хар хүрэн өнгөтэй, нуруу, сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай байдаг. Мөн биеийн хоёр хажуугаар цайвар бараан толботой, хүүхэн хараа нь босоо, нүд ба хамрын хооронд гүн хонхорхойтой тул хамрын сүвтэй мэт харагддаг нь бусад могойноос ялгарах онцлог юм.

Сүүлийн жилүүдэд хур бороо элбэг байгаа нь бамбай хоншоорт могой үерийн усаар дамжин суурьшлын бүсүүдэд илүүтэй үзэгдэх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Иймд иргэд ялангуяа хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, тоглоом, тэрэг, майхан зэрэг зүйлсийг шалгаж, могой орсон эсэхийг нягтлах шаардлагатай болжээ.

Мэргэжлийн байгууллагууд могойтой санамсаргүй таарсан тохиолдолд дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна. Юуны өмнө чимээ гаргах, гэнэт хөдөлгөөн хийхээс зайлсхийх хэрэгтэй. Хөдөө гадаа явахдаа урт түрийтэй гутал, битүү өмд, савхин бээлий өмсөх нь могойд хатгуулахаас сэргийлэх чухал арга хэмжээ болдог. Мөн хад асга, сөөг, ой модтой бүсээр явахдаа илүү болгоомжтой байх хэрэгтэй.

Хэрэв могойд хазуулсан тохиолдолд хамгийн түрүүнд тайван байж, хөдөлгөөнөө багасгах шаардлагатай. Шарханд мөс тавих, даавуугаар боох, хазуулсан хэсгийг сорох, зүсэх зэрэг нь байдал улам хүндрэх шалтгаан болдог. Иймд нэн даруй эмнэлэгт хандах буюу 103 дугаар руу залгаж, түргэн тусламж дуудна. Хэрэв суурин бүсэд могой харагдсан бол Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарт мэдэгдэхийг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment