Японы нийслэл Токио хотноо зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний хамгийн их анхаарал татсан төрөл болох тулгууртай харайлтад Шведийн алдарт тамирчин Мондо Дюплантис дахин түүх бичиж, дэлхийн дээд амжилтыг 14 дэх удаагаа шинэчиллээ. Тэрээр өөрийн тогтоосон рекордыг ахиулж, 6.30 метрийн өндөрт тунасан нь шинэ түүх болон үлдэв.
Дюплантис эхний оролдлогоороо 6.10 метрийг амжилттай давснаар гурав дахь дэлхийн аваргын алтан медалиа авсан. Харин дараагийн оролдлогоороо 6.30 метрийн өндөрт хүрснээр бүх цаг үеийн хамгийн өндөр амжилтаа баталгаажууллаа.
Энэ төрөлд:
- Мөнгөн медаль – Грекийн Эммануэль Каралис (6.00 метр)
- Хүрэл медаль – Австралийн Куртис Маршалл (5.95 метр, хувийн дээд амжилт)
Шведийн од тамирчин энэ онд оролцсон 16 тэмцээнд дараалан түрүүлээд байгаа бөгөөд нийт 36 тэмцээнд ялагдалгүй явж байна. Түүний дараагийн зорилго бол домогт Сергей Бубкагийн 17 удаа дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн түүхэн үзүүлэлтийг даван гарах явдал юм.
Сонирхуулахад, Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос (IAAF) шинэ дэлхийн дээд амжилт бүрт 100,000 ам.долларын урамшуулал олгодог бол ДАШТ-д түрүүлсэн тамирчинд 70,000 ам.доллар өгдөг. 26 настай Дюплантис 2020 оноос хойш дэлхийн дээд амжилтыг тогтоож эхэлснээс хойш өөрийнхөө рекордыг 14 удаа ахиулаад байна.