Лондон, Их Британи – 2025 оны 4-р сарын 28-нд Монголын финтек, технологийн салбарын тэргүүлэгч Монгол Ай Ди ХХК Их Британид төв оффис болох “Монгол Ай Ди Холдингс” ХХК-аа албан ёсоор нээлээ. Энэхүү үйл явдал нь тус компанийн олон улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн томоохон алхам болж байна.
Нээлтийн арга хэмжээ Лондон хотноо болсон “Global Fintech Forum 2025”-ын хүрээнд зохиогдсон бөгөөд Их Британийн Үйлчилгээ, Жижиг Дунд Бизнес, Экспортын асуудал хариуцсан сайд Гаретт Томас оролцож, Монгол Ай Ди ХХК-ийн финтек инновацийн ололт амжилтыг өндрөөр үнэлэв. Тэрээр тус компанийг Их Британийн “Global Entrepreneur Programme” (GEP)-т албан ёсоор элсүүлж, дэлхийн зах зээлд өргөжин тэлэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Монгол Ай Ди ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга М.Халиунбат энэхүү түүхэн мөчид оролцож, “Манай төв оффисыг Их Британид нээсэн нь зөвхөн бизнесийн өргөтгөл биш, харин дэлхий дахинд инновац, өсөлт, хамтын ажиллагааны шинэ платформ бий болгох стратегийн эхлэл юм” гэж онцоллоо.
2015 онд үүсгэн байгуулагдсан Монгол Ай Ди ХХК нь Монгол болон Төв Азийн бүс нутагт картын удирдлага, цахим хэтэвч, үнэнч хэрэглэгчийн систем, SoftPOS технологи, хиймэл оюун ухаанд суурилсан зээлийн оноо зэрэг дэвшилтэт шийдлүүдийг амжилттай нэвтрүүлж ирсэн. 2025 оны байдлаар тус компани нийт 80,000 гаруй төлбөрийн карт гаргаж, 45,000 орчим худалдааны байгууллагад үйлчилж, 2 тэрбум ам.долларын гүйлгээг амжилттай боловсруулжээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Ай Ди дараах улсуудад салбартай:
- Их Британи — Mongol iD Holdings Ltd
- Монгол Улс — Mongol iD LLC
- Сингапур — Takara Solutions Pte Ltd
- Киргизстан — Minu Payment Solutions LLC
Цаашид Монгол Ай Ди Холдингс ХХК нь Төв Ази, Зүүн Өмнөд Ази, Зүүн Европын өндөр өсөлттэй зах зээлүүдэд санхүүгийн найдвартай, дижитал экосистемийг бий болгохоор зорьж байгаа бөгөөд Их Британийн төв оффис нь дэлхийн стратегийн төв болон ажиллах юм.