Home Улстөр Монгол, Австри уур амьсгалын эсрэг хамтдаа тэмцэнэ

Монгол, Австри уур амьсгалын эсрэг хамтдаа тэмцэнэ

0 comments
Монгол, Австри

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар өнөөдөр Төрийн ордонд албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах олон чухал асуудлаар тохиролцлоо.

Төрийн тэргүүн нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх нийтлэг үнэт зүйлд суурилсан уламжлалт найрсаг харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал, байгаль орчны салбарт илүү өргөжин хөгжих боломжтой гэдгийг тэмдэглэсэн байна.

Талууд Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, мөн залуусыг гадаадын дээд боловсролд суралцуулах “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтэд Австрийн туршлага, дэмжлэгийг ашиглах талаар нухацтай хэлэлцжээ.

Австрийн ойн менежмент, уур амьсгалд тэсвэртэй мод тарих, усны нөөц хамгаалах туршлагыг Монголд нэвтрүүлэх, цөлжилт, ойн хомсдолтой тэмцэх, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцсон нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад оруулах бодит хувь нэмэр гэж талууд дүгнэв.

Мөн уул уурхай, ашигт малтмалын боловсруулалт, сэргээгдэх эрчим хүч, дижитал шилжилт, инновацын чиглэлээр хамтарсан судалгаа, ноу-хау, технологийн дамжуулалтыг эрчимжүүлэх тухай ойлголцолд хүрчээ.

Аялал жуулчлалын салбарт ч шинэ боломжууд нээгдэж байна. Уулын болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх сургалт, мэргэшүүлэлтийг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Шинжлэх ухаан, судалгааны салбарт мөн томоохон ахиц гарч, Монголын залуу судлаачдыг Австрийн их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах боломжийг өргөжүүлж, хоёр улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр болсон байна.

Олон улсын хэмжээнд хоёр талын санал санаачилгыг уялдуулан, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цөлжилт зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудалд хариу өгөхөд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэхээ Ерөнхийлөгчийн Тамгын газраас онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.