Монгол, Хятад, Орос гурван улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа 2031 он хүртэл сунгаж, байгалийн хийн хоолой барихаар тохиролцов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол, Хятад, Орос гурван улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа 2031 он хүртэл сунгаж, байгалийн хийн хоолой барихаар тохиролцов

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо есдүгээр сарын 2-нд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын VII уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалт нь 2022 онд Узбекистаны Самарканд хотод болсон VI уулзалтаас хойш гурван жилийн дараа зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарт баяр хүргэж, гурван улсын хамтын ажиллагааг бүс нутгийн хөгжил, худалдаа, дэд бүтцийн чухал түлхүүр хэмээн онцлов.

Ши Жиньпин сүүлийн жилүүдэд гурван талын хамтын ажиллагаа үр өгөөжтэй өрнөж буйг тэмдэглээд, төмөр замын төв коридорын шинэчлэл, худалдаа, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын уялдаа идэвхжсэнийг дурдав. Мөн “Инновацын төв” байгуулах төлөвлөгөөг танилцуулж, Монгол, Оросын идэвхтэй оролцоог хүслээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин гурван талын хамтын ажиллагааг Евразийн эдийн засгийн холбоо, “Бүс ба Зам” санаачилга болон “Талын зам”-тай уялдуулан хөгжүүлэх хэрэгтэйг онцолж, тээвэр, худалдаа, логистикийн салбарт хүнд суртлыг арилгахыг санал болгосон юм.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятад, Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг таван жилээр сунган 2031 он хүртэл хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Мөн ОХУ-аас Монголын нутгаар дамжин БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг эхлүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн гурван улс худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, байгаль орчин, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тодорхой асуудлаар санал солилцов гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв.


Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй