Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүн нар Бишкек хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ. Тэд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны үр дүнг үнэлж, цаашид эдийн засгийн агуулгаар баяжсан хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлийг тодорхойлов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн байгалийн үзэсгэлэнт газар нутагт халуун дотноор угтан авсан Ерөнхийлөгч С.Жапаров болон Киргизийн ард түмэнд талархал илэрхийлж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа түүхэн түвшинд — “иж бүрэн түншлэл”-д хүрч байгааг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, Төв Азийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзэж буйгаа дахин нотлов.
Ерөнхийлөгч С.Жапаров 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал харилцаанд чухал түлхэц болсон гэдгийг тэмдэглээд, хоёр орны дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлэв.
Хэлэлцээний үеэр өмнө нь тохирсон ажлуудын 90 орчим хувь нь амжилттай хэрэгжиж буйд талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Төрийн айлчлалын хүрээнд хоёр талын харилцааны эрх зүйн орчныг өргөжүүлэх, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсаас Киргиз рүү хонь, ямаа, үхэр, адууны мах, махан болон дайвар бүтээгдэхүүн экспортлох, Киргизээс Монголд жимс, жимсгэнэ, загас болон загасан бүтээгдэхүүн нийлүүлэх, мөн мал эмнэлгийн гэрчилгээг харилцан баталгаажуулах зэрэг чухал асуудлуудаар тохиролцсон байна.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Киргизийн хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулан ноос, ноолуураар сүлжмэл бүтээгдэхүүн боловсруулах төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа баталгаажуулсан юм.