Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан нар энэ сарын 20-нд албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв.
Хэлэлцээний эхэнд сайд Б.Батцэцэг Лаос Улсыг Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форумыг (ФЕАЛАК) амжилттай удирдсан явдалд баяр хүргэж, мөн 2025–2027 онд Зүүн Азийг төлөөлөн даргалах эрхийг Монгол Улсад шилжүүлж буйд талархлаа илэрхийлэв. Харин сайд Тонгсаван Фумвихан монголын талын халуун дотно хүлээн авалтад чин сэтгэлийн талархал дэвшүүлэв.
Хоёр тал уламжлалт найрсаг харилцаагаа бэхжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. Тухайлбал:
- Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн,
- Лаос Улсаас цагаан будаа, жимс, жимсгэнэ, улаан модон бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх боломжийг тодорхойлов.
Мөн тээвэр, логистикийн ач холбогдлыг онцолж, Вьентьян–Куммингийн төмөр замаар дамжин Монгол Улс Зүүн өмнөд Азийн зах зээлд хүрэх боломж нээгдэж байгааг тэмдэглэлээ. Хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдсэн нь чухал алхам болохыг дурдав.
Аялал жуулчлалын салбарт Монголын байгалийн үзэсгэлэнт бүс нутгуудыг Лаосын Луангпрабанг, Ванг Виенг зэрэг аялал жуулчлалын төвүүдтэй холбож, хамтарсан аяллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.
Сайд Тонгсаван Фумвихан Монголын их, дээд сургуулиудад лаосын олон оюутан чанартай боловсрол эзэмшиж байгааг онцолж, цаашид энэ хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын буцалтгүй тусламжаар байгуулагдсан “Лаос–Монголын Найрамдлын эмнэлэг” өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж буйг дурьдан, эмнэлэгт эмч мэргэжилтнүүдээ илгээн дэмжлэг үзүүлж ирсэнд талархлаа илэрхийлэв.
Хоёр орны гадаад харилцааны сайд нар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилт тавьж буйгаа мэдэгдлээ.