Table of Contents
2024 оны тавдугаар сард Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаан даваа гэх газраас Монгол Улсын түүхэнд анх удаа мөнгөн гэрэгэ олджээ. Энэхүү түүхэн дурсгалыг нутгийн иргэд болох А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олж илрүүлсэн бөгөөд тэд тухайн дурсгалыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргалын зохион байгуулсан ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн өмчид шилжүүлжээ.
Судалгааны урьдчилсан дүгнэлт:
- Судлаачид энэхүү гэрэгэг Их Монгол Улсын үе, тэр дундаа Их Юань улсын үед хамаарна гэж үзэж байна.
- Гэрэгэн дээрх бичиг нь дөрвөлжин үсгээр бичигдсэн бөгөөд галигласан хувилбар нь: “möngke tengri yin küčün dür qaɣan nere qutuɣtai boltuqai ken ülu buširegu aldaqu ükügü” Үүний утгачилсан орчуулга нь: “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай. Хэн үл биширвээс алдах, үхэх.”
- Гэрэгэний нүхний товгор ирмэгт сийлсэн зургаан ханз тэмдэг нь: “Хүндэт тэмдэг, 69 дугаар” гэсэн утгатай болохыг судлаачид тайлжээ.
Ижил төстэй олдворууд:
Одоогийн байдлаар мөнгөн гэрэгэтэй адил дурсгалууд дэлхийн хэмжээнд зөвхөн ОХУ, АНУ-д нийт гурван ширхэг мэдэгдээд байгаа юм. Энэхүү олдвор нь Монгол Улсаас илэрсэн анхны жишээ болж байгаа тул цаашид гүнзгий, нарийн судалгаа хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Талархал, урамшуулал:
Соёлын өвийг хамгаалах, төрийн өмчид шилжүүлэх ажлыг санаачлан, идэвхтэй оролцсон дээрх иргэдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/232 дугаар тушаалаар урамшуулж, яамны жуух бичгээр шагнасан байна.
Цаашдын төлөвлөгөө:
Чингис хаан Үндэсний музей энэхүү түүхэн олдворыг олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас нийт иргэдийг соёлын өвийг хамгаалах, хадгалж үлдэх үйлсэд идэвх санаачилга гаргахыг уриаллаа.
1 comment
Хөөх, Монголд анх удаа мөнгөн гэрэг олдлоо! Энэ бол гайхалтай түүхийн хэсэг юм