Монгол, Саудын Араб хоёр улс улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтаа хийлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол, Саудын Араб хоёр улс улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтаа хийлээ

Хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах чиглэлээр тохиролцлоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2025 оны аравдугаар сарын 20-нд Эр-Рияд хотод зохион байгуулагдлаа.

Уулзалтаар талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах талаар санал солилцов. Тухайлбал, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, боловсрол, цахим эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлэв.

Мөн талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцсон байна.

2023 оны айлчлал хоёр талын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээжээ

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн 2023 онд Саудын Арабт хийсэн айлчлалын үеэр байгуулсан хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн үргэлжлэл юм.

Талууд тухайн айлчлалын үеэр байгуулагдсан “Агаарын харилцааны тухай”, мөн “Дипломат болон албан/тусгай паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” хэлэлцээрүүдийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Мөн цаашид хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд онцгой анхаарахаа мэдэгдэв.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Америк, Ойрх Дорнод, Далайн орнуудын газрын захирал А.Ананд, харин Саудын талаас ГХЯ-ны Азийн орнуудын ерөнхий газрын захирал, Элчин сайд Нассар бин Авад бин Аль-Ганум нар тус тус ахалсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй