Монголын ирээдүйн уран бүтээлчид гэх бяцхан төгөлдөр хуурчид Итали болон Хонконгод болсон нэр хүндтэй хоёр олон улсын уралдаанаас шилдгийн шилдэг амжилттай ирээд байна.
Итали Улсад зохион байгуулагдсан “IBLA Grand Prize” уралдаанд Монгол Улсын консерваторийн 5-р ангийн сурагч Г.Бадмаараг гранпри шагнал авч, Б.Барток, Д.Кабалевскийн төрөлд алтан медаль хүртжээ. Мөн 2-р ангийн сурагч С.Ариуннандин мөнгөн медалийн эзэн болсон юм.
Мэргэжлийн багш О.Лхагвасүрэнгийн удирдлага дор оролцсон эдгээр сурагчид саяхан Хонконгийн Ж.Брамсын нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд ч амжилттай оролцлоо. Тус уралдаанд 5-р ангийн сурагч Г.Бадмаараг, 3-р ангийн сурагч С.Пүрэвсүрэн, 2-р ангийн сурагч С.Ариуннандин нар гранпри шагнал гардан авсан бөгөөд 9-р ангийн сурагч Х.Үүрийнтуяа алтан медаль хүртжээ.
Монгол төгөлдөр хуурч хүүхдүүдийн энэ бахархалт амжилт нь дэлхийн сонгодог хөгжмийн тайзнаа үндэсний авьяастнууд өрсөлдөх, хөгжим соёлын арвин баялаг ирээдүй бэлдэх их үйлсийн тод илэрхийлэл болов.