Монгол Улс Азийн хамгийн амгалан тайван 5 орны нэгээр шалгарлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол Азийн энх тайванч улсуудын жагсаалтын 5-д бичигдлээ

Энх тайван, эдийн засгийн хүрээлэнгээс гаргадаг “Global Peace Index 2025” буюу Дэлхийн энх тайвны индексээр Монгол Улс амжилтаа ахиулж, бүс нутагтаа төдийгүй дэлхийн тавцанд аюулгүй, тогтвортой орон болохоо дахин батлав. Энэхүү чансааг гаргахдаа нийгмийн аюулгүй байдал, зэвсэгт зөрчилдөөн, цэрэгжилт зэрэг 23 нарийвчилсан үзүүлэлтийг үндэслэдэг бөгөөд 2025 оны тайланд дэлхийн 163 улс хамрагджээ.

Монгол Улсын хувьд 1.719 индексээр дэлхийн 163 орноос 37 дугаар байрт бичигдсэн бол Ази тивийн хэмжээнд 5 дугаар байрт жагслаа. Манай улсын өмнө Сингапур, Япон, Малайз болон Бутан улсууд бичигдсэн байна. Шинжээчдийн дүгнэлтээр Монгол Улс нь дотоодын зөрчил маргаангүй, нийгмийн хамгаалал болон тогтвортой байдал сайн байгаа нь энэхүү өндөр үнэлгээг авахад голлон нөлөөлжээ.

Дэлхийн ерөнхий дүр зургийг харвал:

  • Тэргүүлэгч улс: Исланд улс 17 жил дараалан дэлхийн хамгийн энх тайванч орноор шалгарч, түүний араас Ирланд, Шинэ Зеланд, Австри улсууд жагсав.
  • Сөрөг хандлага: Дэлхийн аюулгүй байдал сүүлийн 6 жил дараалан буурч байгаа бөгөөд 2025 онд нийт 59 зэвсэгт мөргөлдөөн бүртгэгдсэн нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
  • Хамгийн аюултай бүсүүд: ОХУ, Украин, Судан, Йемен, Афганистан болон Израил зэрэг улсууд зөрчил мөргөлдөөний улмаас жагсаалтын төгсгөлд бичигдсэн байна.

Монгол Улс ийнхүү Азийн хамгийн тайван орнуудын тоонд багтсан нь гадаадын хөрөнгө оруулалт татах болон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд олон улсын түвшний томоохон сурталчилгаа болж байна. Дэлхий даяар геополитикийн тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед амгалан тайван байдлаа хадгалж үлдэх нь манай улсын хамгийн том давуу тал болохыг шинжээчид онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй