Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын (WEF) үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр “Энхийн зөвлөл“-д нэгдэх баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү алхам нь манай улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, аюулгүй байдал, тусгаар тогтнолыг дипломат арга замаар хамгаалах стратегийн чухал ач холбогдолтой юм.
Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсэн арвин туршлагатай бөгөөд “Энхийн зөвлөл”-ийн дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчимд суурилж байгаа юм. Энэ нь манай улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимтай бүрэн нийцэж байгааг албаныхан онцолж байна.
Гишүүнчлэлийн нөхцөл ба давуу талууд:
- Дипломат хамгаалалт: Олон улсын эрх зүйн хүрээнд тусгаар тогтнолоо улс төр, дипломатын аргаар бэхжүүлэх боломж нээгдлээ.
- Санхүүгийн дарамтгүй: Дүрэмд заасан 1 тэрбум ам.долларын босго нь зөвхөн гишүүнчлэлийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд Монгол Улсад санхүүгийн үүрэг хүлээх шаардлага байхгүй.
- Сайн дурын оролцоо: Манай улс энгийн гишүүний хувьд 3 жилийн хугацаатай, өөрийн боломж болон үндэсний сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцоно.
- Дуу хоолойгоо хүргэх: Дэлхийн хэмжээний бодлого тодорхойлох түвшинд Монгол Улсын байр суурийг илүү тодорхой хүргэх талбар болно.
Энхийн зөвлөлийн дүрэмд заасан санхүүгийн босго нь гишүүн улс өөрөө хүсвэл 3 жилийн хугацаагаа сунгах эсвэл байнгын суудал авахтай холбоотой зохицуулалт юм. Харин Монгол Улсын хувьд ямар нэгэн эдийн засгийн дарамтгүйгээр, олон улсын энх тайвны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулж, аюулгүй байдлаа дипломат замаар баталгаажуулж байгаагаараа онцлогтой.