Table of Contents
Улаанбаатар — Эрүүл мэндийн салбар энэ жилийн намар, өвлийн улиралд тулгарч болох халдварт өвчний эрсдэлийг бууруулах зорилгоор улирлын томуугийн 300 мянган тун вакцин худалдан авсан байна.
Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар 2025–2026 оны өвлийн бэлтгэлийн явцтай танилцах үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат мэдээлэв. Тэрбээр ДЭМБ-аас зөвлөсөн вакциныг НҮБ-ын Хүүхдийн сан болон дотоодын ханган нийлүүлэгчээр дамжуулан авсныг онцоллоо.
Вакцины нийлүүлэлт
- Эхний ээлжийн 135 мянган тун вакциныг ирэх долоо хоногт хүлээн авна.
- Дараагийн 165 мянган тун есдүгээр сарын эхний хагаст ирэхээр төлөвлөгджээ.
Дархлаажуулалтын явц
Томуугийн вакциныг нэвтрүүлэхийн зэрэгцээ улаанбурханы эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаа бөгөөд одоогоор 10 сартайгаас 15 насны хүүхдийн 55 хувийг хамруулсан байна.
Мөн отор нүүдлээр өөр аймгийн нутагт яваа иргэдэд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг аймгийн Эрүүл мэндийн газруудад чиглэл болгон хүргүүлжээ.
Хүлээлт
Эрүүл мэндийн байгууллагуудын үзэж буйгаар улирлын томуугийн вакциныг нэмэлтээр худалдан авсан нь өвлийн улиралд халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.