Монгол Улс Жендэрийн эрх тэгш байдлын индексээр 20 байр урагшилж 65 дугаарт эрэмбэлэгдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ

Жендэрийн үндэсний хорооны 2026 оны анхны хуралдаан энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр боллоо. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Жендэрийн үндэсний хорооны дарга Г.Занданшатар оролцож жендэрийн бодлогын үр дүн болон цаашдын зорилтуудыг танилцуулсан юм. Монгол Улсын жендэрийн үзүүлэлт олон улсын хэмжээнд мэдэгдэхүйц ахиц гаргасныг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв. Дэлхийн эдийн засгийн форумын Жендэрийн ялгаатай байдлын индексээр манай улс 2024 онд 85 дугаарт байсан бол 2025 онд 65 дугаарт жагсаж 20 байраар урагшилсан байна. Энэхүү амжилтаар Монгол Улс Зүүн Ази болон Номхон далайн бүс нутагтаа тавдугаар байрт эрэмбэлэгдэх болжээ. Мөн Олон улсын парламентын холбооны судалгаагаар парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны үзүүлэлт 30 байраар ахиж 98 дугаар байрт орсон бөгөөд одоогийн парламентад нийт 32 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна.

Хэдийгээр улс төрийн манлайлал сайжирч байгаа ч хөдөлмөрийн зах зээл дээр анхаарах асуудлууд байсаар байна. Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг боловч ажиллах хүчнээс гадуурх хүн амын 62 хувийг тэд эзэлж байгаа юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо эрэгтэйчүүдээс 16.2 хувиар бага байгаагаас гадна дундаж цалингийн зөрүү 19 орчим хувьтай байна. Засгийн газрын зүгээс эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хүүхэд асрах чөлөөтэй байгаа ээжүүдийн ажлын байрны баталгааг хангах болон тэднийг хөдөлмөрийн зах зээлд буцаж ороход нь дэмжлэг үзүүлэх Returnship хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

Жендэрийн тэгш байдал нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд эрэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилтуудыг бодлогын хэмжээнд анхаарах цаг болсныг зөвлөлийн гишүүд хэллээ. Одоогийн байдлаар бакалаврын түвшний суралцагчдын ердөө 38 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бол сургууль завсардах эрсдэлтэй иргэдийн 72 хувь нь эрэгтэй байна. Түүнчлэн малчин залуусын амьдралд тулгарч буй сорилт болон ганц бие залуусын асуудал нийгмийн бодлогын чухал хэсэг болоод байгааг Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга С.Бямбацогт илтгэлдээ дурдсан юм. Хуралдааны төгсгөлд Жендэрийн үндэсний хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг албан ёсоор баталлаа. Уг төлөвлөгөөнд эдийн засгийн хүрээнд жендэрийн тэгш оролцоог хангах болон үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр нийт 70 гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй