Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 76 жилийн ойг тохиолдуулан тус улсын дарга Ши Жиньпинд баярын захидал илгээсэн билээ. Үүний хариуд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчид баярын хариу захидал ирүүлжээ.
Ши Жиньпин захидалдаа:
“Хятад, Монгол хоёр улс нь бие биедээ чухал хөрш билээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүх салбарт улам идэвхжиж, хамтарсан чухал төслүүд амжилттай хэрэгжиж, уламжлалт найрамдал улам бүр бэхэжсээр байна”
гэж тэмдэглэжээ.
Мөн тэрбээр хоёр улсын стратегийн итгэлцэл, хөгжлийн уялдаа, ард түмний ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлсэн байна.
“Миний бие Тантай хамт хүчин чармайлт гаргаж, стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, хөгжлийн уялдааг гүнзгийрүүлж, ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, Хятад, Монголын хамтын ирээдүйн нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг хурдасган, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ хөдөлгөгч хүч бүрдүүлэхийн төлөө байна”
гэж Ши Жиньпин захидалдаа дурджээ.
Тяньжин, Бээжингийн уулзалт үр дүнтэй болсныг дурдав
Мөн БНХАУ-ын дарга захидалдаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Тяньжин болон Бээжин хотод хийсэн уулзалт үр дүнтэй болсныг онцлон, хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх итгэл найдварыг илэрхийлсэн байна.
Энэхүү захидал нь Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, стратегийн түншлэлийн хүрээг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.