2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлээ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Энэхүү илтгэлд дараах зургаан үндсэн сэдвийн хүрээнд судалгаа, дүн шинжилгээ хийсэн байна. Үүнд:
- Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа
- Сонгуулийн үеэр иргэдийн эрхийг хэрхэн хэрэгжүүлсэн байдалд үнэлгээ өгч, саналаа чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр өгсөн эсэхийг судалжээ.
- Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал
- Өмгөөлөгч, сэтгүүлчдийн аюулгүй байдал, мэргэжлийн үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн явуулах баталгаанд дүн шинжилгээ хийж, сайжруулах талаар санал дэвшүүлжээ.
- Хүний эрх ба цахим технологи
- Хувийн мэдээлэл, нууцлал, мэдээлэлд халдашгүй байх эрхийг хамгаалах шаардлагатай байдал, зохицуулалтын үр нөлөөг үнэлсэн байна.
- Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл
- Цахим орчин дахь хүчирхийллийн төрлүүд, нөхцөл байдал болон урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар тусгасан.
- Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх
- Хохирогч хүүхдүүдтэй холбоотой шүүх, мөрдөн шалгах ажиллагааны үед хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаарх тоон судалгаа, ярилцлага, дүн шинжилгээнд үндэслэн дүгнэлт гаргасан.
- Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт
- Эрүүгийн хэрэгт холбогдсон иргэний эрхийг баривчлагдсан цагаас эхлэн ял шийтгэл гүйцэтгэсэн хүртэлх хугацаанд хэрхэн хангаж буйд үнэлгээ өгчээ.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид илтгэлийг танилцуулахдаа, 2024 оны сонгуулийн явцад сонгуулийн эрх зүйн зарчмуудыг хэрхэн баримталсан талаар дүгнэлт хийсэн тухай онцолжээ. Мөн тус комисст ирж буй гомдол, мэдээллийн 50 гаруй хувь нь шударгаар шүүлгэх эрх зөрчигдсөнтэй холбоотой байдаг тул энэ асуудалд онцгойлон анхаарч, холбогдох баримтад тулгуурласан санал, дүгнэлт гаргасан байна.